Эмэгтэйчүүд багаараа гуравдугаар байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд багаараа гуравдугаар байр эзлэв

Туркийн Стамбул хотноо өнгөрөгч мягмар гаригт эхэлсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр буюу өчигдөр Монголын баг тамирчид гурав дахь медалиа хүртлээ. Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жинд аваргууд тодорсноор эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөсөн бол хамгийн хөнгөн жин болох 55 кг-ын барилдаанаар эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэлсэн юм.

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас өчигдөр 67 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн, 72 кг-д ОУХМ Г.Наранчимэг, харин эрэгтэй, 55 кг-д Б.Наранбаатар нар зодоглосноос Б.Оюунсүрэн мөнгөн медаль хүртэж, баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүллээ.

Эмэгтэйчүүдийн 67 кг-д ОУХМ Б.Оюунсүрэн эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Украйны бөх Алина Махянияг 1:0, 1:0 харьцаатай, дараа нь Японы бөх Йошико Иноуэг 1:0, 2:0 оноогоор ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд манай тамирчин Хятадын бөх Си Луожуомад 1:0, 1:0 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон юм. Тэрбээр ийнхүү дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын ес дэх эмэгтэй тамирчин болсон бөгөөд энэ жилийн дэлхийн аваргаас Монголын багийн гурав дахь медалийг авчирсан юм. Дэлхийн аваргын дэвжээнд гарсан эхний өдрөө Монголын тамирчдаас 51 кг-д Д.Отгонцэцэг мөнгө, дараах өдөр 63 кг-д О.Насанбурмаа хүрэл медаль хүртсэн билээ. Улмаар Монголын эмэгтэй баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна. Багийн амжилтаар Японы баг тэргүүлж, Канадын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарчээ.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 72 кг-д Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг эхний тойрогт Унгарын бөх Китти Годог 1:0, 1:0 харьцаатай ялсан ч удаахь барилдаандаа дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт, ОХУ-ын бөх Екатерина Букинад 1:1, 0:4 харьцаагаар ялагджээ. Манай бөхийг ялсан ОХУ-ын бөх цаашид амжилттай барилдаж, финалдсан тул Г.Наранчимэг дагах барилдаанд зодоглох эрхтэй болсон. Харамсалтай нь, эхний барилдаандаа Камеруны бөх Лаури  али Аннабельд 6:0, 1:1, 2:0 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Харин эрэгтэйчүүдийн 55 кг-д дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар эхний хоёр барилдаандаа Испанийн бөх Франчиско Санчезыг 3:0, 1:0 харьцаатай, дараа нь Йорданы бөх Хамзех Куршаг ялсан ч удаахь барилдаандаа Японы бөх Шиничи Юүмотод 6:3, 5:0 харьцаатай ялагдсан юм. Харамсалтай нь, манай бөхийг ялсан Японы тамирчин дараагийн барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул Б.Наранбаатар дагах барилдаанд зодоглох боломжгүй болсон юм.

Харин өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжлэх бөгөөд Монголын баг тамирчдаас 60 кг-д Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнаран, 84 кг-д ОУХМ П.Өсөхбаатар, 96 кг-д ОУХМ Н.Золбоо нар хүч үзэх юм.

 Хэсгийн барилдаан Монголын цагаар 19.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж