
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд 2007 оноос хойш сунжирч байгаа Д.Энхмандахад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт болох байсан ч энэ сарын 22 хүртэл дахин хойшиллоо. Учир нь шүүх хуралд хохирогчоор оролцох “Эрдэнэ-Суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Түүнийг шүүх хуралд удаа дараа оролцохгүй байгаа учир Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ сарын 22-нд болох шүүх хуралд албадан ирүүлэх захирамж гаргасан байна. Д.Энхмандахыг Хаан банкнаас бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурж, 30 сая төгрөгийн зээл авсан, бусдын өмч хөрөнгийг зарсан хэрэгт буруутгаж байгаа. Харин тэрбээр өөрийгөө “Гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохлоо” хэмээн өнгөрөгч гуравдугаар сард хэвлэлд хандаж байв. Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байгаа аж.
С.Отгон