Геологийн алба удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Геологийн алба удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ цаг үед Геологийн албыг сэргээхээр  ЭБЭХЯ  ажиллаж байна. Манай улсад өмнө нь Геологийн алба гэж бие даасан бүтэц байсан ч зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байсаар өнөөг хүрсэн юм.

Монголын Геологийн алба 1939-1957 онд үүсч хөгжөөд, 1957-1990 онд бие даасан салбар болж бэхэжжээ. Өөрөөр хэлбэл, геологийн салбар зохион байгуулалтын хувьд бүрэн биеэ дааж, улсын эрдэс баялгийн бодлогыг хэтийн төлөвтэйгөөр явуулсан нь үндэсний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн эрдэмтэн, мэргэжилтнүүд онцолдог. Чухамдаа Геологийн алба байгуулагдсан цагаас эхлээд эхний ээлжинд жижиг масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрээ бүрхэх, ашигт малтмалын ирээдүй бүхий талбайнуудад дунд болон том масштабын зураглалын ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн аж.

Түүнээс гадна Геологийн албын эрчимтэй үйл ажиллагааны дүнд Эрдэнэтийн овоогийн зэс-молибден, Бор-Өндөр, Бэрх, Зүүн цагаан дэлийн хайлуур жонш, Бороо, Толгойт, Заамарын алт, Төмөртэйн овоо, Цавын холимог металл, Налайх, Шарын гол, Шивээ-Овоо, Тавантолгой, Төгрөг нуур, Багануур, Хөтөл, Дарханы шохойн чулуу зэрэг олон ордыг түшиглэсэн олборлох, боловсруулах үйлдвэрүүд байгуулагдсан нь эдүгээ Монгол улсын ДНБ-ий 30 шахам хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспорттын бүтээгдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлээд байгаа юм. 

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж