Хурд хэтрүүлж ”од” болъё

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Хурд хэтрүүлж ”од” болъё

Манай замын цагдаагийн газар аргагүй сайн ажиллаж байна. Өчигдрөөс хурд хэт­рүүлсэн жолооч нарыг зар­лаж эхэлсэн байна. Гэхдээ нэг учир дутагдалтай зүйл ажиглагдлаа. Миний харса­наар унаж явсан машиных нь улсын дугаарыг олон нийтэд зарласнаас бус жолоочийн овог нэр, ажлын газар гээд бусад мэдээллүүд байхгүй байгаа нь таалагдахгүй бай­на. Хурд хэтрүүлэхэд ма­шин буруутай юм болов уу. Уг нь жолооч л буруутай баймаар. Магадгүй манай цагдаагийнханд машин л буруутай болж харагддаг байж мэднэ. Учир нь манай замын цагдаа нар чинь мундаг мэдрэмжтэй хүмүүс шүү дээ. Цаашдаа хурд хэтрүүлсэн жолоочийг олон нийтэд зар­ласнаар юу өөрчлөгдөх вэ гэдэг асуудал хурцаар та­вигдаж мэдэх юм. Тэр хурд хэтрүүлсэн машиныг нь бид үзэн ядах болж байна уу. Жолоочийг нь үзэн ядах уу. Тэгээд ч хурд хэтэрүүлсэн жолоочийг бид нар мэдээд яг яах юм бол. Бүх нийтээрээ жигшицгээх үү. Гудамжинд таарахаараа “Ичиг, ичиг. Хурд хэтрүүлэхээ болиоч ээ” гэж шоолох болж байна уу. Эсвэл нэг том муухай харах уу. Ойлгомж муутай ажил хийгээд байгаа Замын цаг­даагийн газрыг ерөөсөө ойл­гохгүй юм. Замын цаг­даа­гийн газрын цаашдын төлөвлөгөөгөөр хурд хэт­рүүлсэн жолооч нарын мэ­дээллийг дан ганц сайтаар ч биш телевизээр гаргах юм гэнэ лээ. Тэгвэл ч олон хүнд буян болно доо. Ховдоос хо­тод ирээд олон жил болсон иргэн Дорж хурд хэтрүүлээд л нутаг усныхандаа мэндчилгээ хүргэчихэж болно. Телевизэд мөнгө төлж ярилцлагад ордог Б.Арго багш машинаа унаж хурд хэтрүүлнэ. Мэдээж цаг­даа зогсоож торгох гэхээр “За ах нь номынхоо нээлтэнд яарч явлаа. Энэ дашрамд миний номын нээлт өнөөдөр тэнд болно” гээд л үнэгүй сурталчилгаа хийчихэж болохоор л юм байна. Ер нь өнөөдрөөс хурд хэтрүүлж “од” болъё байз. Тэгээд ч зөвхөн машины дугаарыг нь зарлах юм чинь хүмүүс буруу зөрүү ойлгохгүй. Цаашлаад энэ талаар нь тайлбар хийх “алтан” боломж хүн бүрт олдож мэдэх нь. Тэгэхээр ер нь замын цагдаа харагдангуутаа албаар хурд хэтрүүлж, анхаарлыг нь татаж байгаад торгуулах хэрэгтэй. Тэгээд л аль нэгэн дууны уралдаанд оролцохоос илүү хялбархан аргаар од болчихно шүү дээ.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж