Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Сүүлийн үед газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай яриа олны анхаарлыг татаж байгаа. Энэ асуудлыг ерөнхийдөө төр дангаараа хариуцах хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад хувийн хэвшлийн компаниудыг оролцуулах нь зөв эсэх талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхсон юм.


Г.Баярсайхан: ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨН БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

-Дотооддоо нефть бо­ловс­руу­лах үйлдвэр бай­гуулахад хувийн хэвш­лийнхнийг то­дор­­хой хэмжээнд оролцуулах нь зөв. Энэ нь юуны өмнө зах зээлийн цэвэр өр­сөлдөөнийг бий болгож, тэр хэрээрээ хэрэглэгч­дийн эрэлтэд тү­шиг­лэсэн харил­цааг бий болгоно. Гэхдээ манайд цөө­хөн компани им­пор­тоор түлш, шатахуун оруулж ирдэг. Харин тэдгээр компани  хоорондоо тохиролцон үнээ хөөрөгдөх явдал өмнө нь гарсан. Иймэрхүү нөхцөл байдал дахин давтагдахаас сэргийлэхийн тулд газрын тосны үйлдвэр байгуулах асуудалд төрийн зүгээс тодорхой хэмжээнд оролцох нь зөв. Гэхдээ маш бага оролцоотой байх хэрэгтэй. Тэгж байж зөв, тэнцвэртэй харилцаа бий болно.

Х.Наранхүү: ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙЖ ЧАДАХГҮЙ

-Газрын тос гэдэг бол улс орны амин чухал салбар. Тэгэхээр заавал улс төртэй холбоотой байдаг. Тиймээс газ­рын тосны үйлд­вэр байгуулах асуу­­далд төр орол­цох­гүй байх ямар ч боломжгүй. Өнөөд­рийн байд­лаар дэлхий дээр нефтьтэй хэдхэн л орон байна. Ойрхи Дорнод, ОХУ гэх мэт орнууд. Тэдний аль, алинд нь газрын тосны салбарын асуудлыг төр дангаараа мэдэж, хариуцан ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, өдөр ирэх бүр нефтийн нөөц багасч, хомсдож байгаа ийм үед энэ салбарыг тухайн улсын Засгийн газар  хайхрахгүй орхих боломжгүй.

-Тэгэхээр хувийн хэвшлийн компаниудыг оролцуулах хэрэггүй гэж үү?

-Яах вэ, тодорхой хэмжээнд тэднийг оролцуулж чадвал мэдээж хэрэг зөв. Гэхдээ хувийн компаниуд нь хөрөнгө, санхүүгээ олохын тулд энд, тэндээс зээл авдаг. Манайхан гадны хөрөнгө оруулалт гэж их ярьдаг. Гэтэл тэдгээр хөрөнгө оруулагч нь энэ салбараас ашиг олно гэж үзсэн тохиолдолд л хөрөнгөө оруулна шүү дээ. Харин манай орны хувьд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй. Үүнээс болоод хууль, тогтоомжоо ойр, ойрхон өөрчилдөг болохоор гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол бол эрсдэлтэй оронд тооцогддог. Харин газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа компаниудын хувьд гадныхнаас зээл авах гэж оролддог. Уг нь энэ бол боломжтой. Гэхдээ ямар ч дадлага, туршлагагүй учраас тэр зээлээ зөв зарцуулахад хэцүү. Манайхан мөнгө л байвал бүгдийг шийдчихнэ гэсэн өрөөсгөл ойлголттой яваад байдаг. Энэ бол буруу.

Л.Гантөмөр: МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС БАЙХГҮЙ ҮЕД ТӨР ҮҮНИЙГ ХАРИУЦАХ НЬ БУРУУ

-Энэ асуудалд хэтэрхий нэг талыг барьж туйлшрах нь буруу юм. Ер нь хувийн хэвшлийн компаниуд ч бай, төрийн зүгээс ч бай хамаагүй, хамгийн сайн боловсруулсан төслийг шалгаруулж дэмжих нь зөв. Хэрэв төрд мэргэжилтнүүд нь хангалттай олон ажиллаж байвал нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг төр хариуцахад буруу гэх зүйл байхгүй. Гэтэл өнөөдөр салбар хариуцсан сайд нь мэргэжлийн бус хүн байна. Ийм үед үүнийг төр дангаараа мэднэ гэж том дуугарах нь оновчгүй. Ядаж л салбар  хариуцсан сайд нь асуудлаа мэддэг байх нь чухал юм шүү. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг мэргэжлийн инженерүүдийн мэддэг хэрэг. Түүнээс биш хэн дуртай нь үүнийг шүүрч аваад хийж чадахгүй.

Д.Очирбат: ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

-Хууль боловсруулж байгаа хүмүүс нь улстөрчид учраас газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд төрийн орол­цоог нэмэгдүүлэхийг хичээж байгаа. Ерөн­хийдөө бол төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Ийм чухал салбарыг дан ганц хувийн компаниудад хариуцуулбал монополь байдал тогтчихож мэднэ. Нөгөө талаас үүнийг төр дангаараа хариуцвал бас нэлээд эрсдэлтэй. Тэгэхээр аль, аль талыг нь бодолцож үзээд ухаалгаар шийдэх нь зөв.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж