Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Банкныхан зөвлөлдөв

Жил бүрийн аравдугаар сард Монголбанкнаас ирэх жилийнхээ Мөнгөний бодлогыг УИХ-д танилцуулж батлуулдаг. Тэгвэл ийнхүү Мөнгөний бодлогыг танилцуулахаас өмнө банкны салбарынхан цугларч санал бодлоо солилцлоо. Өнөөдөр “Хаан палас” зочид буудалд болсон “2012 онд баримтлах төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг тойрсон асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгээр Монголбанкны  зүгээс ирэх жилийн Мөнгөний бодлогын ерөнхий тоймыг танилцуулж, арилжааны банкны төлөөлөгчдийн саналыг сонслоо. Уул уурхайн салбарын өсөлтийг дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр Монголын арилжааны банкуудын хадгаламж, зээл, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гэх мэт үзүүлэлтүүд ихэсч байгаа. Гэхдээ зээлийн хүү өндөр, урт хугацааны санхүүжилтийн чадвар муу гэх мэт сул талууд байсаар байгаа. Хэдийгээр актив, пассивын хэмжээ байнга өсөн нэмэгдэж байгаа ч эрсдэлтэй талуудыг анхаарах хэрэгтэй гэж төв банкны зүгээс сануулав. Ирэх 2012 оны Мөнгөний бодлогын ерөнхий чиглэлийг Монгол банк

-Нам тогтвортой, инфляцийн төвшин

-Зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан уян хатан валютын ханшийн бодлого

-Макро эдийн засгийн зохистой бодлогын арга хэмжээ гэж тодорхойлж байгаа юм байна.

Монгол банкны зүгээс төрөөс иргэдийн хадгаламжид баталгаа гаргасан хууль 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болох гэж байгааг угтуулан хадгаламжийн хууль гаргах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааг 2012 он болгох гэх мэтчилэн банкны салбарын хууль эрх зүйн сайжруулах тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн энэ удаад төв банк инфляци өсөх түгшүүр байгааг дахин санууллаа. Суурь инфляцийн төвшин сүүлийн долоон сарын турш тасралтгүй өсч байгаа бөгөөд цаашид ч буурахгүй байх хандлагатай байгаа аж.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж