Төгрөгийг сонгон шалгаруулалтаар хэвлэхийг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Төгрөгийг сонгон шалгаруулалтаар хэвлэхийг зөвлөв

Монголбанкны хяналтын зөвлөл сүүлийн хуралдаанаараа Төв банкны удирдлагуудад мөнгөн дэвсгэртийг сонгон шалгаруулалтаар хэвлүүлдэг болох тухай зөвлөмж хүргүүлсэн байна. Үндэсний мөнгөн тэмдэгттэй холбоотой асуудал нууцын зэрэглэлд байдаг. Юутай ч Монгол Улс мөнгөн тэмдэгтээ Лондонд хэвлүүлдэг гэх мэдээлэл буй.

Манай улс шинэ мөнгөн дэвсгэртийг 1993 оноос гүйлгээнд гаргаж, өдгөө 1, 5, 10, 20, 50, 100, 500, 1000, 5000, 10000  болон 20000-тын  дэвсгэртээр  гүйлгээ хийж байгаа. Монголбанк  нь  2009  оны  сүүлчээс  мөнгөн  дэвсгэртийн  мэдээллийн  сангийн  программ боловсруулан,  хэрэгжүүлэх  ажлыг   эхлүүлсэн ба одоогоор  энэ  ажил  эхлэлийн   төдий байгаа ажээ. Энэ ажил цаашид  жигдэрч  чадвал  мөнгөн  дэвсгэртийн  үйлдвэрлүүлсэн тоо  хэмжээ, гүйлгээнд гаргасан, эргэж орж ирсэн болон устгасантай холбоотой  мэдээллийг дэвсгэрт тус бүрээр харж болох сайн талтай гэнэ. Мөнгөн тэмдэгтийг хэвлүүлэх зардал жилээс жилд өсч ирсэн боловч 2000 оноос огцом өссөн байна. Мөнгөн тэмдэгт захиалж, үйлдвэрлүүлэх асуудалтай холбогдуулан Монголбанкны удирдагад доорх зөвлөмжийг өгчээ. Үүнд,

1. 2012 оноос эхлэн олон улсын хэмжээнд мөрддөг нийтлэг  зарчмын дагуу мөнгөн дэвсгэртийг  хэвлүүлэх  нөхцөл,  шаардлагыг  нарийн  тодорхойлох  үндсэн  дээр  хаалттай, эсвэл нээлттэй тендер зарлаж, мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх компанийг сонгож байх зарчмыг баримталж  ажиллах.  Үүнтэй  холбогдуулан  мэргэжлийн  болон  хяналтын  хүмүүсийн төлөөлөл оролцсон тендерийн тусгай хороог Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр байгуулж ажиллуулж байх;

2. Мөнгөн тэмдэгт захиалж үйлдвэрлүүлэх талаар гадаадын компанитай байгуулах гэрээнд Монголбанкны  Ерөнхийлөгч,  эсвэл  түүний  эрх  олгосноор  Тэргүүн  дэд  болон  дэд Ерөнхийлөгч гарын үсэг зурж байх журамд шилжих;
3.Монголбанкны  үйл  ажиллагааны  бие  даасан  хоёр  чиглэлийг  нэг  газарт төвлөрүүлсэн  нь  бие  биедээ  харилцан  хяналт  тавьж  ажиллах  зарчимд  нийцэхгүй  байгааг харгалзан  Монголбанкны  удирдлагын  бүтцийн  өөрчлөлтийн  арга  хэмжээний  хүрээнд мөнгөн  тэмдэгтийг  захиалж  хийлгэх,  гүйлгээнд  гаргахтай  холбоотой  асуудлыг  хариуцсан бие даасан нэгжийг Монголбанкны бүтцэд бий болгохыг  зөвлөмж болгосон байна. Мөнгөн дэвсгэртийн нууцлалын хамгийн сүүлчийн үеийн найдвартай хэлбэр болох лазерийн  аргаар  дугаар  тавих  технологийг  зарим  том  дэвсгэрт  дээр  хийлгэж,  оронд  нь  үр дүн муутай, хэрэглэгч тэр бүр анхаардаггүй нууцлалыг хасах боломж байгааг судалж үзэх, мөнгөн  тэмдэгтийн  нууцлалын  талаар  хэрэглэгчид  сурталчилж  таниулах  талаар Монголбанкаас  өргөн  хүрээтэй  ажил  тогтмол  зохион  байгуулах  болон  мөнгөн  тэмдэгт хэвлүүлдэг Гиезеке  энд  Девриент  компанийн  зардлаар  сургалтад  хамрагдсан  мөнгөн тэмдэгт  тоолох,  устгах  машины   ашиглалт  хариуцсан  ажилтнуудыг  тогтвор  суурьшилтай ажиллуулахад анхаарах шаардлагатайг хурлаас тэмдэглэжээ.

Б.УНДРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж