Байгалийн хийн барьцаан дахь Хятад

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Байгалийн хийн барьцаан дахь Хятад

Сүүлийн үед Хятад улс байгалийн хийн олборлолт болон импортоо огцом нэмэгдүүлэх болсон тухай мэдээлэл гарах болжээ. Урд хөрш маань байгалийн хийг дамжуулах шинэ хоолойнуудыг угсарч, байгалийн хийг нийлүүлэх шинэ эх үүсвэрүүдийг хайсаар байгаа бөгөөд занарын хийг ч олборлож эхэлсэн юм байна. Энэ мэдээллийг авсан манай хойд хөрш оросууд өөрийн асар том нийлүүлэгч болох “Газпром”-той хятадууд ашигтай нөхцөлөөр нийлүүлэлтийн гэрээ хийх “хөг нь өнгөрлөө” гэж бодож байжээ.

Гэтэл Хятад улс авч болох бүхий л боломжоороо байгалийн хийн нөөцийг өөрсөд рүүгээ татах зорилго тавьж байгаа гэнэ. Энэ нь оросын байгалийн хийг нийлүүлэгч томоохон компаниудаас хятадуудтай гэрээ хийхдээ үнээ хямдруулах бус харин ч нэмэх урам зоригыг нь нэмсэн байна. Өмнө нь оросууд байгалийн хийгээ аль болох хурдан борлуулах үүднээс үнийн асуудлаар буулт хийдэг байсан бол одоо харин хятадууд буулт хийж илүү үнээр худалдаж авахдаа хүрч байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар Хятад улсын байгалийн хийн хэрэглээ жилдээ 100 тэрбум шоо метр байгаа бөгөөд энэ хэрэглээнийхээ ихэнх хувийг өөрсдөө дотоодын эх үүсвэрээсээ авч байгаа юм байна. Хятад улс одоохондоо эрчим хүч, цахилгааны гол хангалтыг нүүрснээс гарган авч байгаа бол байгалийн хийн зах зээл нь дөнгөж цэгцэрч эхэлж байгаа аж. Тэгэхдээ Хятад улс экологид хор хөнөөл учруулдагггүй, эрчим хүчний чанартай түүхий эд болдог гэх мэт чанараар нь байгалийн хийн хэрэглээгээ цаашид нэмэгдүүлнэ гэж зарлаж байгаа юм байна. Хятадын засгийн газрын төлөвлөж байгаагаар бол урд хөрш 2030 он гэхэд өөрийн байгалийн хийн хэрэглээгээ гурав дахин нэмж жилдээ 300 тэрбум шоо метрт хүргэх юм байна. Гэхдээ Хятадын одоогийн хэрэглээний хурдыг тооцож үзвэл энэ хэмжээний хэрэглээнд хүрэх асуудал цаг хугацааны хувьд хамаагүй наашлах бололтой байгаа гэнэ.

Тийм болохоор Хятадын эрчим хүчний салбарынхан байгалийн хийн дамжуулах шугамуудыг улам бүр өргөтгөхөөр нухацтай ажиллаж байгаа гэнэ. Тун саяхан Хятадын нефтийн үндэсний корпораци CNPC “Төв Ази-Хятад“ гэсэн байгалийн хийн дамжуулах хоолойн байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар мэдээлж эхэлсэн байна. Энэ дамжуулах байгууламж нийтдээ 7 мянган км урттай байх бөгөөд 2015 он гэхэд Хятад улсад 55-60 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулан нийлүүлэхээр болж байгаа ажээ. Энэ байгалийн хий дамжуулах хоолойн 5 мянган км хэмжээтэй буюу ихэнх хэсэг нь Хятадын нутгаар дайран өнгөрөх бөгөөд энэ жил гэхэд 20 тэрбум шоо метр хийг, харин ирэх онд 30 тэрбум шоо метр хийг дамжуулах хэмжээнд хүргэхээр урд хөршийн мэргэжилтнүүд чармайж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ 2014 он гэхэд  CNPC төрийн компани Хятадын байгалийн хий дамжуулах гуравдагч шугамыг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ энэ хоолой дайран өнгөрөх Туркмен болон Казахстан, Узбекстан улсууд байгалийн хийгээ нийлүүлж гаргаад ч Хятадын төлөвлөж байгаа нийлүүлэлтийн хэмжээнд хүрэх эсэх нь бүрхэг байгаа аж. Зарим шинжээчдийн үзсэнээр бол энэ хоолойгоор дамжуулан авахаар төлөвлөж буй 30 тэрбум шоо метр байгалийн хийн хэмжээ нь дээрхи орнуудын гаргаж чадах нөөцийн дээд хэмжээ болж байгаа юм байна.

Мөн саяхнаас Хятад улс Персийн булан болон Австрали улсаас шахмал шингэрүүлсэн хийг авч эхэлсэн аж. Түүн дотор Катар улсаас жил бүр 5 сая тонн шахмал хийг нийлүүлэх урт хугацааны гэрээг байгуулсан гэнэ. Гэхдээ шахмал хийн хэрэглээ одоогоор Хятадын нийт хэрэглээний дотор бага хувийг эзэлж байгаа бөгөөд нийлүүлж байгаа орнууд нь шахмал хийн олборлолтоо нэмэгдүүлж чадахгүй байгаа аж. Харин цаашдаа бол Хятад шахмал хийг одоо импортолж байгаа хэмжээнээсээ найм дахин өсгөж 2020 он гэхэд жил бүр 46 сая тонныг импортолж байхаар зорьж байгаа юм. Тэгэхдээ шахмал хийн хэрэглээ Хятадын нийт хэрэглээний өсөлтийн ердөө 25 хувийг л “хааж” чадахаар байгаа юм байна.
Хятад улс гаднаас авах байгалийн хийн хэмжээгээ нэмээд зогсохгүй дотоодын олборлолтоо ч мөн нэмэх зорилттой байгаа ажээ. Энэ шалтгааны улмаас Өмнөд хятадын тэнгис дэх арлуудын газар нутгийн асуудлаар Япон, Вьетнам, Филиппин, Малайз, Брунейн улсуудтай маргаан дэгдээгээд байгаа юм. Дээрхи арлуудын ойр орчимд нүүрс-устөрөгчийн түүхий эдийн асар том нөөц байгаа талаар мэдээлэгдэж байсан билээ. Мөн Хятад сүүлийн үед “моодонд” орж байгаа занарын хийн олборлолтод анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Хятад улсад занарын хийн нөөц 15-30 их наяд (триллион) шоо метр нөөцтэй байж магадгүй гэсэн таамаглал гарсан аж. Хэрэв энэ таамгалал батлагдвал Хятад улс дэлхий дээрхи хамгийн том занарын хийн нөөцтэй улс болж чадах гэнэ. Одоогоор АНУ занарын хийн 28 их наяд шоо метр нөөцтэй бөгөөд ашиглалтаараа ч мөн тэргүүлж байгаа аж.

Тэгэхдээ Хятадын нутаг дэвсгэрт байгаа занарын хийн ордууд нь АНУ-д байгаа нөөцтэй харьцуулахад газрын хөрснөөс доош илүү гүнд байрласан байгаа тул олборлоход хамаагүй хүнд нөхцөлтэй болгож байгаа юм байна. Үүний зэрэгцээ Хятад нь ийм нөхцөлд байгаа занарын хийг олборлож чадахуйц технологи болон мэргэжилтэй боловсон хүчний нөөцөөр дутмаг байгаа ажээ. Тиймээс америкчуудын арга туршлага болон хөрөнгө оруулалтыг ашиглах сонирхолтой байгаа юм байна. Тэгээд ч энэ чиглэлээр эхний амжилттай алхмуудаа хийж эхэлсэн байна.  Өнгөрөгч наймдугаар сард Хятадын CNPC компани тус улсын занарын хийн анхны цооногийг гаргаж түүнээсээ туршилтын олборлолтоо хийж чадсан байна.

Хятадын байгалийн хийн хэрэгцээний нэлээд хувийг хангах хамгийн ирээдүйтэй төслийг уг нь бол Оростой хамтран хэрэгжүүлэхээр болсон ч энэхүү хоёр орны хооронд байгуулсан жилдээ 70 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулах хоолой одоо болтол ашиглагдаж эхлээгүй л байгаа аж. Багагүй хөрөнгө зарж нэлээд байгуулалтын ажил явагдаж бэлэн болсон энэ дамжуулах хоолойн ашиглалтын асуудал шийдэгдэхгүй байгаагийн гол учир шалтгаан нь үнэ болж байгаа ажээ. Нийлүүлэгч Оросын талаас санал болгож байгаа үнэ болон Хятадын угтуулан тавьж байгаа үнийн санал хоёрын хооронд нэг мянган шоо метр байгалийн хий тутамд 100 ам.долларын зөрөө гарч байгаа учраас харилцан тохирч чадахгүй байгаа гэнэ. Хятад улс ОХУ-аас байгалийн хийг нь 1000 шоо метр бүрийг нь 235 ам.доллараар авах санал тавьж байгаа ч Оросын тал хүлээж авахгүй байгаа юм. Оросууд байгалийн хийн нөөцөө Хятадад Европт нийлүүлдгээсээ хямд өгөхгүй хэмээн “тас гүрийжээ”.

Хоёр тал үнийн саналын зөрүүгээ ойртуулах гэж оролдсоор байгаа бөгөөд энэ сарын сүүлээр ээлжит уулзалтаа хийхээр төлөвлөж байгаа ажээ. Харин энэ удаагийн оролдлого ч мөн амжилтад хүрэхгүй байх гэсэн таамгийг шинжээчид урьдчилан гаргаж байгаа гэнэ. Учир нь одоогоор аль ч тал нь үнийн санал дээрээ буулт хийхийг хүсэхгүй байгаа ажээ. Гэхдээ цаг хугацаа цаашлах тусам Хятадын байгалийн хийн хэрэглээ улам нэмэгдэж нийлүүлэлтийн хомсдол нь бодлого гаргагчдыг шахаж эхлэх тул хятадууд эхэлж буулт хийх магадлал өндөр гэнэ.

Түүнээс гадна өнгөрөгч зун Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир Оросын Сибирийн төмөр замаар хуягт галт тэрэгтэйгээ дайран гарч Орост айлчлах үеэрээ Орос-Солонгосын хооронд байгалийн хий дамжуулах байгууламжийг хамтран байгуулах асуудлыг үндсэндээ хүлээж авсан нь оросууд Солонгосын алдын зарим хэсгийг байгалийн хийгээр хангах боломжийг бий болгосон хэрэг болжээ. Гэхдээ энэ төсөл Солонгосын хойгт үүсээд байгаа хурцадмал байдлаас шалтгаалж эргэлзээтэй зүйлд тооцогдож байгаа ч нөгөө талаараа  Хятад Оросын хоорондхи үнийн саналын зөрүүг арилгахад оросуудад ашиг тустай байж мэдэх гэнэ. Ямартай ч Хятад улс байгалийн хийг импортлох хэмжээгээ өсгөсөөр байх нь тодорхой байгаа тул байгалийн хийн ордтой холбоотой бүх л мэдээлэлд соргог хандаж эхэлсэн байна.  

М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж