Берлинд мэдээллийн арга хэмжээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Берлинд мэдээллийн арга хэмжээ зохион байгуулав

ХБНГУ-ын Аж үйлдвэрийн холбооноос өчигдөр Берлин хотын өөрийн байранд Холбооны эдийн засаг, технологийн яамтай хамтран “Түүхий эдийн түншлэл- Монгол Улс”  сэдвээр мэдээллийн том арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд  Холбооны Гадаад хэргийн яам, Эдийн засаг, технологийн яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Байгаль орчныг хамгаалах, цөмийн реакторын аюулгүй байдлын яам болон Холбооны Түүхий эдийн алба,  Физик, техникийн алба, Геологийн шинжлэх ухаан, түүхий эдийн алба зэрэг төрийн яамд, байгууллагууд болон германы Машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Холбоо, Уул уурхай, түүхий эдийн  мэргэжлийн Холбоо зэрэг мэргэжлийн томоохон холбоодын төлөөлөгчид оролцов. Мөн түүнчлэн ТюссенКрупп Металл, Мин энержи, Аурибус, Лийбнеер, Ланксеес, Катерпилер, Шотт ХК,  Кронимет, ВВМ  Оперта, Рогеза, Евроник Дегуза зэрэг германы болон олон улсын уул уурхайн томоохон компаниуд болон Сэргээн босголтын зээлийн банк, ВХФ банк зэрэг банк санхүүгийн 50 гаруй хүмүүс оролцов. Арга хэмжээг ХБНГУ-ын Аж үйлдвэрийн Холбооны  захирлуудын зөвлөлийн гишүүн Ш. Майр нээж мэндчилсэн ба  Холбооны Эдийн засаг, технологийн яамны Аж үйлдвэрийн газрын ерөнхий захирал В.Рессинг  “Түүхий эдийн түншлэл- Монгол Улс”  сэдвээр мэдээлэл хийв. Мөн түүнчлэн Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд Б. Даваадорж  “ Монгол Улсын уул уурхайн салбарын  боломж, улс төр,  эдийн засгийн өнөөгийн байдал “,  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлтийн бодлогын газрын  дарга Г. Батхүрэл  “ Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв “ сэдвээр тус тус илтгэл тавив. Германы талаас Холбооны Түүхий эдийн албаны дарга Ф. Штайнбах “Монгол Улсын аж үйлдвэрийн болон сонгож авсан металийн түүхий эдийн шинэ үнэлгээ, Холбооны Эдийн засаг, технологийн яамны газрын орлогч дарга Д. Магер “ Уул уурхайн ажлын хэсгийн 3 дугаар хуралдааны үр дүн “, Холбооны  Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны монголын асуудал хариуцсан тасгийн дарга Ю. Нойпутоу “ Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд хувийн хэвшлийг хамруулах боломж”, Холбооны Гадаад хэргийн яамны эрчим хүч, түүхий эдийн бодлогын тасгийн дарга Р. Клинке “ Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг  гадаад бодлогоор дэмжих “ илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгийн дүнд Монгол Улс, ХБНГУ-ны хооронд түүхий эдийн түншлэлийн гэрээг байгуулах нь зүйтэй гэж үзсэний гадна монголын түүхий эдийг германы байгаль орчинд ээлтэй, хамгийн орчин үеийн техник, технологиор боловсруулж, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэхэд хоёр орны хувийн хэвшлийн компаниуд  эрчимтэй ажиллах нь зүйтэйг тэмдэглэв. Манай улсын уул уурхайн хайгуул, олборлолт, ашиглалт, үйлдвэрлэлтийн  салбарт германы хөрөнгө оруулалт, шинэ техник, технологийг цаашид илүү  түлхүү оруулах өргөн боломж байгаа талаар ярилцаж,  энэ чиглэлд тодорхой арга хэмжээ авахаар тохиролцов. Энэхүү арга хэмжээ нь Холбооны канцлерын Монгол Улсад хийх айлчлалын өмнө зохион байгуулагдаж, үүнд хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг Төр, Засгийн болон хувийн хэвшлийн компаниуд өргөнөөр оролцсон явдал нь  чухал ач холбогдолтой болов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж