Австралийн паспорт хүйсний гурван заалттай

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Австралийн паспорт хүйсний гурван заалттай

Австралийн иргэд паспорт авахдаа эр, эм хүйсийн заалтаас гадна “Х” /икс/ гэсэн заалт бөглөх эрхтэй болсон тухай Associated Press мэдээллээ.

Хүйсээ солиулсан иргэд өмнө нь мэс засал бүрэн дууссаны дараа хүйсийн заалтаа бичиг баримтдаа өөрчилдөг байсан аж. Харин энэ заалт нэмэгдсэнээр өөрийн хүсэлтээр эмчийн тодорхойлолтыг авсан иргэд Х хүйс гэсэн заалтыг бөглөж болох юм байна.
Түүнчлэн Австралийн засаг захиргаа нүүр царай болон гадаад байдал нь хүйстэйгээ зөрчилддөг иргэд энэ заалтаар таагүй байдлаасаа гарч болно гэж үзэж байгаа юм. Австралид паспорт бол иргэний хувийн мэдээллийг тодорхойлох хоёр дахь бичиг баримт болдог бөгөөд төрсний гэрчилгээ хамгийн чухал нотолгоо болдог ажээ. Хүйсээ солиулсан иргэд төрсний гэрчилгээн дээрх заалтыг мөн мэс засал бүрэн дууссаны дараа сольж болдог байна.

Австралийн иргэн Норри Мэй-Уэлби (Norrie May-Welby) 2010 оны гуравдугаар сард бичиг баримт дээр хүйс нь тодорхойгүй гэж бичигдсэн хамгийн анхны хүн болсон юм. Тэрээр хүү болж төрсөн хэдий ч хүйсээ сольсны дараа эмэгтэй хүйс түүнд зохихгүй байна гэж шийдсэн гэнэ. Иймээс эмч нараас хүйсийг нь тодорхойлох боломжгүй гэсэн тодорхойлолт албан ёсоор авчээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж