”Атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй”

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

”Атомын цахилгаан станцгүйгээр хөгжихгүй”

АНУ, Япон зэрэг орны хэвлэлүүдэд гарсан Монгол Улс гадаадын цөмийн хаягдлыг булшлагч орон болох талаарх шуугиан олон нийтийн дунд түгшүүрийн харанга дэлдээд байгаа. Тиймээс  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-нд зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн байгууллагын аливаа нэг албан тушаалтан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглосон.  Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр олон нийтийн зүгээс багагүй үнэлгээ аваад байгаа юм. Энэ талаар Цөмийн энергийг ашиглах төслийг удирдагч, ШУА-ын Физик, технологийн хүрээлэнгийн захирал, академич Б.Чадраатай уулзалж ярилцлаа.

-Сүүлийн үед Монголд дэгдээд байгаа цөмийн хог хаягдлыг булшлах тухай дуулианы эсрэг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр  хэн нэгэн дарга даамал цөмийн хог хаягдлын талаарх яриа хэлцэл хийхийг хориглосон. Мөн Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байна лээ?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цагаа олж ийм зарлиг гаргасанд үнэхээр талархаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглосон нь маш зөв шийдвэр. Монгол Улс цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд баталсан. Уг хуулиар олон зүйлийг хориглосон байдаг. Хуулиа сахиж ажиллах нь монголчуудын үүрэг. Тиймээс үнэн худал нь мэдэгдэхгүй цөмийн хог хаягдлыг булшлах тухай дуулианд цэг тавихгүй бол Монгол Улсын эдийн засаг ирээдүйд сүйрч магадгүй юм. Миний үзэж байгаагаар Монгол Улсаас хэн нэгэн ийм яриа хэлэлцээр хийгээгүй байх гэж бодож байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Цөмийн энергийн газраас албан ёсоор ийм яриа хэлэлцээр хийгээгүй гэж удаа дараа мэдэгдсэн. Энэ бүхнээс харахад харийнхан л монголчуудыг чулуу хөөлгөөд байх шиг байна.

-Монгол Улсад цөмийн шаар булш­лах нь гэж  гадаадын хэв­лэлүүдээр  ямар учраас цацагдсан юм бол. Нөгөө овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэсэн үг байдаг шүү дээ?

-Шалтгаан нь тов тодорхой. Мон­гол Улс асар их эрдэс баялгийн нөөц­тэй. Монголын эрдэс баялгийн нөөц га­даадынхны анхаарлыг маш их татаж байна.  Монголчууд зэс, нүүрс гээд ашигт малтмалаа газрын хэвлий дороос ухаж гаргаж ирээд гадагшаа түүхийгээр нь зөөх юм бол ямарч ашиггүй. Хүн болгон үүнийг мэдэж байгаа. Тиймээс мэргэжилтнүүд, эр­дэм­тэд эрдэс баялгаа боловсруулья, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе, үйлдвэр барья, үүний тулд эхлээд атомын цахилгаан станцтай больё гэдэг асуудлыг тавиад байгаа хэрэг. Ашигт малтмалаа боловсруулах үйлдвэртэй болохын тулд эхлээд Монгол Улс эрчим хүчнийхээ асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Эрчим хүчгүйгээр Монгол Улс хөгжинө гэсэн ойлголт байхгүй.  Монгол эрчим хүчний хомсдолтой байх нь манай эдийн засагт хохиролтой, харин гадаадынханд ашигтай. Эрчим хүчгүйгээр ямарч боловсруулах үйлд­вэрийн асуудлыг яриах боломжгүй, ажилгүйдэл, ядуурал буурахгүй.

-Ийм яриа гаргаж, олон ний­тийн сэтгэл зүйг үймүүлэх нь гадаа­дын­ханд ямар ашигтай болоод тэр вэ?

-Атомын цахилгаан станц шиг муу муу­хай зүйл байхгүй гэсэн ойл­голтыг төрүүлээд ашигт малтмалыг түүхийгээр нь авч гарах нэг арга. Африкийн орнуудад ашиглаж бай­сан аргаа их гүрнүүд Монгол Улс дээр хэрэглэж байна. Ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн болоод ашигт малтмалыг нь түүхийгээр нь аваад явдаг тэр аргаа  гадаадыхан Монгол Улсад хэрэглэхийн тулд атомын цахилгаан станц хэрэггүй юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд суулгахаар элдэв худал мэдээлэл цацаад байгааг ойлгох ёстой.  Эрдэс баялгаа түүхийгээр нь гаргуулахгүй гэвэл тэгвэл эрчим хүчээр хангаад өгөөч гээд л суучихна шүү дээ. Монгол Улс эрчим хүчний хомсдолтой орон юм чинь тэдний төлөвлөснөөр нь түүхийгээр нь гаргахыг зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оруулахын тулд  эхлээд иргэдийн сэтгэл зүйгээр нь тоглохыг санаархаад байгаа юм.  Атомын цахилгаан станц үнэхээр тийм муу байсан юм бол АНУ яагаад 2035 он гэхэд эрчим хүчнийхээ хэрэглээний 80 хувийг атомын цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах зорилт тавиад байна вэ.  Японы ерөнхий сайд ямар ч аюулгүй технологитой атомын цахилгаан станц барина гэдгээ мэдэгдсэн. Франц атомын цахилгаан станцынхаа тоог өсгөхийн тулд 1,4 их наяд ам.долларыг зарцуулахаар болсон. Манай хойд, урд хоёр хөрш маань атомын цахилгаан станцынаа тоог жилээс жилд нэмэх бодлого барьж байна.  Атомын цахилгаан станц хортой, хохиролтой байсан юм бол өндөр хөгжилтэй орнууд атомын цахилгаан станцынхаа тоог нэмэхээр улайрах уу. Монгол Улс атомын цахилгаан станцтай болчихвол ашигт малтмалаа боловсруулах үйлдвэртэй болчихно, тэгвэл эрдэс баялгийг нь шороогоор нь гаргах боломжгүй болно. Эрдэс баялаг агуулсан шороон дотор нөгөө газрын ховор элемент нь байгаа шүү дээ.

-Атомын цахилгаан станцтай болсон тохиолдолд цацраг идэвхт бодисын аюул дагалдах вий гэсэн айдас иргэдэд байгаа. Ядаж байхад Японы цунамигаас болж атомын цахилгаан станц шал хэрэггүй эд юм байна гэсэн ойлголттой болчихсон?

-Атомын цахилгаан станц барихаа болоод нүүрсээ түлээд яваад байя гэж бодьё. Яг үнэндээ нүүрс ямар хортой болохыг бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Улаанбаатарын агаарын бохирдол дээд зэргээр бохирдсон нь нүүрс түлснээс л болж байгаа хэрэг. Нүүрсний агууламжид цацрагт идэвхт бодис бий. Хичнээн сайхан технологитой зуух айлуудад бэлэглээд ч агаарын бохирдол буурахгүй. Харин цацрагт идэвхт бодисын шаталт нь улам баяжина гэсэн үг.  Нийслэлийнхэн гэхэд л эрчим хүчний хомсдолтой байгаа. Цахилгаан станцууд нь байнгын алдагдалтай ажилладаг. Баруун аймгийнхны цахилгааны хэрэглээг хангахын тулд Оросоос өндөр үнээр эрчим хүч импортолж байна. байна. Говийнхний цахилгааны хэрэглээг Хятадаас нийлүүлж байна. Орос, Хятад хоёр нэг л өдөр эрчим хүч нийлүүлэхгүй гэвэл Монгол Улс баларна. Бид ядуугаараа үлдэе гэвэл атомын цахилгаан станцаас татгалзах хэрэггүй юм. Тавдугаар цахилгаан станц барилаа гэхэд дор хаяж таван жил шаардагдах юм билээ. Харин атомын цахилгаан станцыг хоёрхон жил босгох боломжтой. Вьетнам улс өнгөрсөн 2010 онд атомын цахилгаан станц барьж эхэлсэн. Тэр нь ирэх онд ашиглалтад орох гэж байна. Цөмийн энергийг ашиглах төслийг удирдагч, физикч хүнийхээ хувьд миний мөрөөдөл бол говьд атомын цахилгаан станц барих.

-Шинжлэх ухааны академийг 50 жилийн ой энэ жил тохиож байгаа.  Тус академийг бүтэн 21 жил удирдсан хүний тань хувьд  асуухад Монголын шинжлэх ухааны салбарын хөгжил олон улсын төвшинтэй хөл нийлүүлж чадаж байна уу?

-Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 50 жилийн ой, Хубилай цэцэн хааны эрдэм номын өргөө байгуулсны 740 жилийн ой тохиож байгаа. Энэ ойд Монгол Улсын төр анхаарлаа хандуулах  ёстой. Аливаа улсын оршин тогтнох, тэсч үлдэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь шинжлэх ухааных нь хөгжил байдаг. Монгол Улс өнөөдөр ашигт малтмалаа зарж, хөлжөөд байгаа нь шинжлэх ухааны салбарын, эрдэмтэн судлаачдын гавьяа шүү дээ. Түүнээс улстөрчид өөрсдөө орд илрүүлж, газрын доорх баялгийн нөөцийг тогтоочихсон юм биш. Хаана, ямар ашигт малтмал, хэр зэрэг нөөцтэй вэ гэдгийг маш нарийн тогтоож өгсөн судлаачдын бүтээл дээр улстөрчид бүжиглээд байгаа юм

-ШУА-д 14 тэрбумын санхүү­жилт хийх шаардлагагүй гэж нэгэн улстөрч ярьсан байсан?

-21 дүгээр зуун бол шинжлэх ухаан технологийн эрин үе. Шинжлэх ухаанаа сонсохгүй, ашиглахгүй гэж ярьж байгаа тэр хүн эхлээд шинжлэх ухааны талаар ойлголттой болчих хэрэгтэй байх.

Ж.Эрхэс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж