Д.Отгонцэцэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Д.Отгонцэцэг мөнгөн медаль хүртлээ

Туркийн Стамбул хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөж буй Монголын баг тамирчид тэмцээний эхний өдөр анхны медалиа хүртлээ. Хуваарь ёсоор өнөөдөр сонгомол бөхийн 74 кг-аас гадна эмэгтэй, чөлөөт бөхийн 48, 51 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд 51 кг-д зодоглосон ОУХМ Д.Отгонцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.  Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын долоо дахь эмэгтэй, харин мөнгөн медаль зүүсэн хоёр дахь эмэгтэй тамирчин болж байна. Өнгөрсөн жил Москвад болсон дэлхийн аваргад 59 кг-ын жинд С.Батцэцэг түрүүлснээр эмэгтэй дэлхийн аваргатай болсон чөлөөтийнхнөөс өмнө нь 2009 оны дэлхийн аваргаас 72 кг-д О.Бурмаа мөнгөн медаль хүртэж байв.

Эхний тойргийн барилдаанд хийлж,
хоёрдугаар тойрогт Сингапурын өсвөрийн олимпийн аварга, Азербайжаны бөх
Патимат Багомедоваг 2:0, 0:1, 3:0 харьцаатай ялснаар дэлхийн аваргын
гараагаа тун сайн эхлүүлсэн тэрбээр удаахь барилдаануудад Германы
Александра Энгелхардтыг 0:1, 4:0, 4:1, Энэтхэгийн Ратхи Нехаг 7:0, 1:0
харьцаатай ялжээ. Тэрбээр аваргын төлөө Европын аварга, 2010 оны дэлхийн
аваргын хүрэл медальт, ОХУ-ын бөх Замира Рахмановатай барилдаж, 3:2, 0:5, 0:2 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон юм. Тус жинд Азербайжаны бөх П.Багомедова, Канадын Жессика МакДоналд Бонди нар хүрэл медаль хүртжээ.

Мөн өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд хүч үзсэн Гавьяат тамирчин Ц.Энхжаргал эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөх
Жаклин Шеллинд 1:0, 1:1, 0:4 харьцаатай ялагдсан юм. Харин
Ц.Энхжаргалыг ялсан Германы бөх дараах барилдаандаа Бээжингийн олимпийн
аварга, дэлхийн аваргын мөнгө, гурван хүрэлтэй, Канадын бөх Кэрол
Хвинтэй барилдаж, 0:1, 0:5 харьцаатай дийлдсэн учир Ц.Энхжаргал дагах
барилдаанд зодоглох боломжгүй болсноор тэмцээнээ дуусгалаа.

Д.Отгонцэцэгийн алтан медалийн төлөөх барилдааныг www.wrestling.mn сайтаас үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж