“Барса”, “Милан” эвийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

“Барса”, “Милан” эвийн гэрээ байгуулав

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шинэ улирлын хэсгийн тоглолтууд эхэллээ. Буурал тивийн хөлбөмбөгийн ногоон талбайд өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн E, F, G, H гэсэн дөрвөн хэсгийн нийт найман тоглолт болсон юм. Эдгээр тоглолтоос Н хэсэгт сугалаа таарсан Италийн “АС Милан” болон Испанийн “Барселона” багийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн бол Англид болсон “Челси” болон “Баейрн Леверкузен” багийн тоглолт 2:0 харьцаатай эзэн багийн ялалтаар өндөрлөжээ.

“АС Милан” болон “Барселона” багууд нэг хэсэгт сугалаа таарсан нь Аваргуудын лигийн энэ улирлын чимэг гэж болно. Каталоны нэр төр гэгддэг “Барселона”-гийн талбайд болсон өчигдрийн тоглолтод Пато тоглолт дөнгөж эхэлмэгц гоолын салхийг хагалж, талбайн зочид тоглолтыг хошуучилж эхэлсэн ч 36 дахь минутад Педро тэнцээний гоолыг оруулсан. Улмаар тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 50 дахь минутад Давид Вилья багтаа тэргүүлэл авчирсан ч шүүгчийн мэдлийн нэмэлт цагт буюу 92 дахь минутад Тьяго Силва тооны харьцааг тэнцүүлсэн байна. Гол өрсөлдөгчийнхөө талбайгаас тэнцээний нэг оноотой буцсан “Милан” арваннэгдүгээр сарын 23-нд “Барса”-г талбайдаа хүлээн авна.

Мөн энэ үеэр Лондон хотноо болсон “Челси” болон “Баейр Леверкузен” багийн тоглолтод “Цэнхрүүд” 2:0 харьцаатай ялалт байгуулсан байна. Тоглолтын 72 дахь минутад Дэвид Луиз Фернандо Торресийн дамжуулалтаар тооны харьцааг нээсэн бол шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Хуан Мата гоолдсоноор багтаа ялалт авчирчээ. Хоёр дахь гоолын дамжуулалтыг мөн л Торрес өгсөн байна.

Харин F хэсэгт багтсан “Арсенал” клуб “Боруссия Дортмунд”-ын талбайд зочилж, эвийн гэрээ байгуулжээ. “Их буучид”-аас Ван Перси /42’/, “Дортмунд”-аас Иван Перишич /88’/ гоолдсон байна.

Өнгөрсөн шөнө болсон тоглолтын дүнг хүргэж байна.

Е хэсэг:

“Челси” /Англи/ 2:0 “Баейр Леверкузен” /Герман/
“Генк” /Бельги/ 0:0 “Валенсия” /Испани/

F хэсэг:

“Олимпиакос” /Грек/ 0:1 “Марсель” /Франц/
“Боруссия Дортмунд” /Герман/ 1:1 “Арсенал” /Англи/

G хэсэг:

“Порту” /Португаль/ 2:1 “Шахтёр Донецк” /Украйн/
“АПОЭЛ” /Кипр/ 2:1 “Зенит Санктпетербург” /ОХУ/

H хэсэг:

“Барселона” /Испани/ 2:2 “АС Милан” /Итали/
“Виктория Пльзень” /Чех/ 1:1 “БАТЭ” Беларусь

Аваргуудын үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд энэ үдэш болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж