Одоогоор 4000 орчим бөх бүртгүүлээд байна

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Одоогоор 4000 орчим бөх бүртгүүлээд байна

Монголын Үндэсний бөхийн хол­бооноос монгол бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх ажлыг зохион бай­гуулж байгаа. Энэ талаар тус холбооны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас тодрууллаа.

 
-Бөхчүүдийг бүртгэх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Бид бөхийн бүртгэлийг нэлээд олон сарын өмнөөс зарласан. Одоо хотын бөхчүүдийн бүртгэл дууссан. Харин хөдөөгийн бөхчүүдийн бүрт­гэл маргааш дуусна. Бүртгэлээ хаас­ны дараа бөхчүүдээ эрэмбэлж, энэ сарын 16-нд нэгийн давааны оноол­тыг зарлана. Үүнээс бөхчүүд өөрийн­хөө хэзээ барилдахыг харах бо­ломжтой. Нэгийн даваа дөрвөн өдөр буюу энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бол хоёрын даваа хоёр өдөр, гурвын даваа нэг өдөр, дөрвөөс 12 хүр­тэлх даваа хоёр өдөр бөхийн өргөөнд явагдаж өндөрлөнө.

-Шинээр бүртгүүлэх хүмүүс ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Иргэний үнэмлэх, цолтой бол цолны үнэмлэхтэй байх ёстой. Харин бүртгэлийн хураамжид цолтой бөх 6000 төгрөг, оюутан, сурагч болон цэргээс 1000 мянган төгрөг буюу зурагны мөнгө авч байгаа. Бөхчүүдийн зур­гийг нь авч бүртгэх юм. Эд­гээр бөхчүүдийн бүх барилдааныг багтаасан, тэдний зурагтай “Монгол бөх Гиннесийн номонд” гэдэг ном хэв­лүүлнэ.

-Оролцохоор бүртгүүлж буй хүмүүст ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?

-Бөхчүүд малгай, зодог, шуудаг, түрийтэй гуталтай барилдах ёстой.

-Гиннесийн номонд бүртгүү­лэ­хийн тулд шинжээч ирэх ёстой байх. Энэ талаар ямар ажил зохион байгуулав?

-Гиннесийн номын зөвлөлөөс шинжээч томилж ажиллуулдаг юм билээ. Тиймээс манайд албан ёсны шин­жээч өөрийн биеэр ирнэ. Бид “Үнэ­хээр 4096 бөх барилдсан” гэх баримтыг баталгаажуулж өгөх ёстой юм. Энэ бүгдийг бүрдүүлсний дараа албан ёсоор энэ номд бүртгүүлнэ.

-Гиннесийн номонд бүртгүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу. Өмнө нь Өвөрмонголын бөхчүүд уг номонд бүртгүүлсэн байдаг юм билээ?

-Өвөрмонголын Шилийн гол айм­гийн Зүүн үзэмчин хошуунд 2003 онд 2048 бөх барилдуулж, үүнийгээ монгол бөх гэж Гиннесийн номд бүртгүүлсэн байдаг. Дэлхийн дээд ам­жилтыг бүртгэдэг ном учраас бид тоо­ны хувьд 4096 болон түүнээс дээш бөх барилдуулах хүсэлтээ илгээсэн юм. Бидний хүсэлтийг хүлээн авч “Үнэхээр 4096 бөх барилдвал бүрт­гэх боломжтой” гэсэн. Тиймээс энэ сарын 17-ны өдөр бөхчүүдээ жагсааж тоолох ажлыг явуулах болно. Үүнийгээ баримтжуулна. Ямар ч бай­­сан Гиннесийн номонд бүртгүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Одоогийн байдлаар барилда­хаар хэчнээн хүн бүртгүүлээд бай­на вэ?

-Үндсэндээ 4000 орчим бөх бүрт­гүүлчихээд байна. Харин хөдөө, орон нутгаас хамгийн багаар бодоход мянга орчим бөх ирнэ гэж тооцож байгаа. Сум болгонд 10 бөх барилдуулах урилга явуулсан. Тэгэхээр тооны хувьд хангалттай хүрнэ гэж бодож байна.

-Цолтой бөхчүүдийн тухайд хэ­дэн хүн барилдах вэ?

-Эцсийн дүн хараахан гараагүй байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Даян аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ж.Мөнхбат нар бүртгүүлсэн байгаа. Ер нь ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл бий. Дээд тал нь 80 настай хүн хүртэл бүртгүүлсэн.

-Тэгвэл доод тал нь хэдтэй хүүхэд байх юм?

-Ерөнхий боловсролын сургуу­лийн ахлах анги, бөхийн спортоор хичээллэдэг, 170 см-ээс дээш өндөр­тэй хүүхдийг барилдуулна.

-Дэмжигч гэх хүмүүс бүртгүүлж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Монгол бөхийг Гиннесийн номонд оруулах буянтай үйлсийг дэмжиж буй 2000 хүнийг бүртгэнэ. Дэмжигчдээс 50 мянган төгрөг авч байгаа. Дэмжсэн хүмүүсийн зурагтай ном тусад нь гаргана гэж төлөвлөж байна. Одоогоор 500 хүн бүртгүүлсэн. Дэмжигчдийн тоо 2000 хүрэхгүй ч гэсэн 50 мянган төгрөг өгсөн хүмүүсийн зурагтай ном гаргана.

-Бөхийн барилдааныг үзэх хү­мүүс тасалбараа хэрхэн худалдаж авах вэ. Тасалбарын үнэ хэд байх юм бол?

-Нээлтийн ажиллагааны тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10-15 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Энэ тасалбараараа нэг, хоёрын да­вааг үзэж болно. Барилдаан гур­вын даваанаас бөхийн өргөө рүү шилж­сэний дараа тасалбарын үнэ 6000 төгрөг болно. Харин сүүлчийн хоёр өдрийн барилдааны тасалбарыг хо­соор нь 15 мянган төгрөгөөр худал­даалахаар шийдвэрлэсэн. Одоогоор нээлтийн тасалбарыг худалдаалж эхэл­сэн. Сүүлийн давааны барил­дааны тасалбар ирэх 18-наас худал­даална.

-Бөхийн барилдаан Төв цэнгэл­дэх хүрээлэнд болно. Тэгэхээр цаг агаарын байдлыг урьдчилан тоо­цоолсон уу?

-Цаг агаарын урьдчилсан төл­вийн мэдээг авсан. Ирэх 17-ноос ду­лаарах төлөвтэй байгаа. Тиймээс нэг их бэрхшээл тулгарахгүй байх.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж