Интернэт кафенууд насны ангиллаар үйлчилгээ үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

Интернэт кафенууд насны ангиллаар үйлчилгээ үзүүлнэ

Мэдээлэл, харилцаа холбооны газар “Хүүхдэд ээлтэй салбар” болохоор зорилт тавин ажиллаж эхэллээ. Энэхүү зорилтын хүрээнд ирэх зургадугаар сарын 1-нд телевизийн бүх суваг  эфирээр гаргаж буй нэвтрүүлэгтээ хэдээс хэдэн насны хүн үзэж болохыг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээг дэлгэцэндээ байрлуулахаар боллоо.Ингэснээр насанд хүрэгчдэд зориулсан нийтлэл нэвтрүүлэг, хөтөлбөр, кино гарсан тохиолдолд  хүүхдээ үзүүлэхгүй байх боломжтой болох аж. 

Мөн интернэт кафенуудыг 18 наснаас дээш болон доош гэсэн ангилалд оруулахаар болжээ. Насанд хүрэгчдэд зориулсан интернэт кафе нь компьютер бүрт тасалгаа хийж, чихэвч  заавал ашигладаг байх шаардлага тавих гэнэ. Түүнчлэн, төрийн байгууллагад интернетийн үйлчилгээ үзүүлэх журамд өөрчлөлт орж байгаа аж. Тухайлвал садар самууныг сурталчилах, дуу хөгжим, кино татах  үйлчилгээг хааж байгаа гэнэ. Энэ журам долдугаар сарын  1-нээс мөрдөгдөх аж. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 гаруй сайт ажиллаж байгаагийн 10 орчим нь садар самууныг сурталчилсан үйлчилгээ эрхэлдэг байж болзошгүй байгаа тул эхний ээлжинд сануулах, тэдэнд хандсан сургалт сурталчилгаа явуулахаар болжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж