Ийм ээжийн хүү наадамд түрүүлэлгүй яах вэ

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Ийм ээжийн хүү наадамд түрүүлэлгүй яах вэ

Увсын бөхчүүд лут, дээр нь хэзээний ойн наадмын одтой. Ардын хувьсгалын тэгш ой тохиовол бүр айхтар, хэр бар­гийн хүчтэн тэднийг хаяна, ул­сын наадам авна гэж саналтгүй. 1971, 1981, 1991 оны түүхт 50, 60, 70 жилээр тийм байсан. Энэ зун 90 жилийн ойгоор С.Мөнх­батын түрүүлж байгааг харахад мөн тийм байна лээ.

1991 онд Ардын хувьсга­лын 70 жилийн ойн их баяр наад­маар 512 бөх барилдлаа. Тэр зун Б.Бат-Эрдэнэ авар­гыг балиашиглахаар Удирд­лагын академийн багш Р.Эрдэнэ­баатар тэргүүтэй бид хэд стадионд очиж наа­дам үзсэн юм. Наймын да­ваанд буюу шөвгийн дөрөвт үлдсэн Х.Баян­мөнх аварга О.Балжиннямыг ам­лаж ба­рилдаад ойчив. Тунаанд хүч үзсэн  том П.Сүх­бат Б.Бат-Эрдэнэ аваргыг дотуур этэж санаснаас маш амархан хаялаа.Үзүүр түрүүнд үлдсэн хоёр заанаас сэтгэлийн хөөрлөө илүү дарж чадсан О.Балжинням учраа бөхдөө бэлдсэн мэх хийж, солгой хэрнээ баруун талаараа нааж хавираад давчихваа.

Бид хэд Б.Бат-Эрдэнэ авар­гыг түрүүлээгүйд сэтгэл тун дун­дуур байгаа. Бүгд дотроо “Том П.Сүхбат гэж шаврын хаалт, өөрөө түрүүлж чадахгүй байж, аваргыг хаялаа” гэж бачимдана. Өнгөндөө “Наадам сайхан боллоо.Хоёр заан цол­тон үзүүр түрүүнд шалгарсан нь 1963 оноос хойшхи анхны тохиолдол” гэсэн статистик ярьж, наадмын хаалт хүлээн сатаарч зогслоо. Нэг харах нь ээ, ахи­маг насны эмэг­тэй Төв цэнгэл­дэ­хийн ногоон талбайн урд та­лын гол дэвсэг дээр га­раа хавсран гурвантаа на­минч­лан залбираад сунаж унан мөргөж эхэллээ. Хамт бөх үзсэн Ган­дангийн хурлын лам, Хэнтийн буриад Бат­баяр “Энэ эмэгтэй, жинхэнэ бурхан ша­шинтай хүн байна. Газарт сунаж мөргөхдөө маш түргэн босч байгааг нь, Ерэнтэй чи хараач. Энэ лав, түрүүлсэн Балжинням зааны ээж байх. Ийм ээжийн хүү наа­дамд түрүү­лэлгүй яах вэ” гэж магтаад сал­даггүй шүү. Б.Бат-Эрдэнэ авар­гыг түрүү­лээгүйд сэтгэл гонсгор байс­ныг хэлэх үү, жаахан гэдэн хөдөлж байна. “Би мөргөх юм бол, энэ эмэг­тэйг нэг сунаж унахад гурав мөр­гөнө” хэ­мээн хариу ба­рилаа. Батбаяр,

-Чи хараач, жинхэнэ мон­гол залбирал үйлдэж, эрхий хуруу­гаа алга руугаа дотогш нь ху­миж байна гээд шогшрон магт­лаа. Би өөрийн мэдэлгүй,

-Дөрвөдүүдийн мэддэг Бурханы шашин гэж юу байдаг юм бэ. Шашныг хар тамхи гэж устгасан Ю.Цэдэнбал дарга гэж дөрвөд байсныг л мэдэх юм байна хэлчихжээ.

-Тэгж ч дөрвөд зон олныг доош хийхгүй шүү. Догшин ноён хутагт Данзан­равжааг Бурхан шашин ман­дуу­лаагүй гэж хэлэх нь үү гээд манийгаа мад тавьж орхивоо.

Говийн V ноён хутагт Рав­жаагийн эцэг Өлзийт нь дөр­вөд ястан бөгөөд одоогийн Өвөр­мон­голын Шилийн гол аймгийн зүүн Сөнөд хошуу­наас тухайн үед нутаг сэлгэн нүүж Ар Мон­голын Говь мэргэн вангийн хошуунаа суурьшсан. Бурханы шашны эд хэрэглэл-дул­дуйтыг биенээсээ үл салган авч явдаг байснаас хүүг нь Дулдуйтын гэж овоглон нэрлэ­дэг байсныг мэднэ л дээ. Харин монгол залбирал гэдгийг огт мэдэхгүй байсан юм. Дашрамд хэлэхэд, лам хүн цагаа тула­хаар шашны­хаа төлөө бол балиашиг­ласан бөхөө ч умартдаг юм билээ. Наадмын дараа Бат­баяр ламын (1987 онд Шашны дээд сургууль дүүргэсэн) тавьсан номыг дор толилуулъя.

-Мөргөл хэмээх нь буян хураах, нүгэл арилгах хоёр увидастай. Мөргөл хийснээр бие, хэл, сэтгэлээр хийсэн хилэнц, гэм нүглийг арилгана.

-Мөргөөд түргэн босдог учир гэвэл зовлонт орноос хурдан гарч буйн бэлгэдэл юм. Гараа атгаж мөргөвөл туурайт адгуус, мөргөөд удаан хэвтвэл могой зэрэг хэвлээр явагч амь­тан болж төрөхийн ёр болдгийг анхаа­рууштай. Мөн мөргөөд босох тоолондоо нуруугаа цэх бол­гоод дахин мөргөх хэрэгтэй. Эс тэгвээс бөхийж тонгойсон адгуусны төрөл олохын ёр болдог гэмтэй. Ер нь бие, хэл, сэтгэлийн гэсэн гурван зүйлийн мөргөл бий.

-Харагдах хэлбэрийн хувьд ургаа модыг угаар нь таслан унагасан мэт биеэ газарт хүргэн сунаж мөргөх, эс бөгөөс хоёр гар, хоёр өв­дөг, магнай таван гишүүнээ газарт хүргэн хагас буюу хумьж, ийм хоёр янзаар мөргөж болно.

-Тоо томшгүй Бурханыг бо­дон өөрийн биеийг хяз­гааргүйд хувилган мөргөх нь биеийн мөргөл, хязгааргүйд хувилсан биедээ толгой, хэл олныг хувил­ган Бурханы дээд эрдмийг яруу аялгуугаар өгүүлж байна гэж сүслэх нь хэлний мөргөл, мөр­гөлийн орон чухаг дээдийн ариун агаад эрдэм нь хязгаар­гүйг чин сэтгэлээсээ бишрэн дээд­лэх нь сэтгэлийн мөргөл. Хоёр алгаа хавсран наал­дуулж залбирах нь тэрсүүдийн ёс тул эрхий ху­руунуудаа алганы завсар оруу­лан эрдэнийн хэлбэртэй бол­гох нь зөв залбирал, монгол залбирал.

-Оройдоо наманчлан залбирахад бие ариудах,
-Хоолойн тус газар залби­рахад хэл ариудах,
-Зүрхэн тушаа залбира­хад сэтгэл ариудах ийм гурван бэлгэдэлтэй…

Тэр цагаас хойш Хан уу­лын ард хоринтоо наадам болж хоринтоо түрүү бөх тодорчээ. Тэр цагаас өмнө монгол­чууд ихэвчлэн наадамд ба­лиашиг­ласан бөхийн амжил­таас болж нэг, дэлгүүрийн лан­гуун дээрх махны чана­раас болж нэг,  хэрэлдэх хэ­лэлцэ­хийн хооронд ааш гар­гадаг байс­ны төгсгөл хавийн жишээ нь Батбаяр бид хоё­рынх болов уу. Харин тэр жилийн наа­дамд О.Балжин­ням аварга түрүүлсний ачаар, хүү­дээ баярласан ижий нь Төрийн есөн хөлт цагаан тугандаа тэгж сүслэн мөргөсний буя­наар зөв залбирч, зөв мөргөж сурсан билээ, би.

Б.Ерэнтэй
Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж