Нарийн Сухайтын нүүрс боловсруулах төслийг үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Нарийн Сухайтын нүүрс боловсруулах төслийг үнэлжээ

Монгол-Германы  уул уурхай, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан Берлин хотноо өчигдөр болж, өндөрлөсөн байна.
Энэхүү хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Эрдэс баялаг эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Германы талыг Холбооны Эдийн засаг, технологийн яамны Эрчим хүчний судалгаа, Сэргээгдэх эрчим хүч, Нүүрсний асуудал эрхэлсэн газрын дарга ноён Проф. Др. Д.Магер тэргүүлжээ.
 
Ажлын хэсгийн хуралдаанаар талууд өнгөрсөн онд Улаанбаатар хотноо болж өнгөрсөн ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааны протколын биелэлтийг хэлэлцэж, хоёр орны уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар харилцан мэдээлэл солилцсон аж. Тэр дундаа хоёр орны уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, хамтран хэрэгжүүлж буй зарим төслүүдийн хэрэгжилт болон хамтын ажиллагаанд тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар хөнджээ. Тухайлбал, Германы МБЭ-Коал- Минэралс текноложи компанийн Монгол Улсын МАК компанитай хамтран  хэрэгжүүлж байгаа Нарийн сухайтын нүүрс боловсруулах төслийн ажлын явц нэн ахицтай байгааг онцолжээ. МАК компанийн  хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн  техник эдийн засгийн үндэслэлийг германы МБЭ-Коал- & Минэралс текноложи компани боловсруулсан ба энэ ондоо багтаан тоног төхөөрөмжийн шийдлийг эцэслэн тохиролцож,  уг уурхайн барилгын  ажлыг 2012 онд эхлүүлж 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн ДВТ- Бусайрус компани нь манай уул уурхайн компаниудтай амжилттай ажиллаж, “Оюу Толгой” компани болон МАК компаниудад тоног төхөөрөмж нийлүүлэх гурван гэрээ байгуулаад байгаа тухай энэ үеэр мэдээлэгдсэн байна. Түүнчлэн дээрх хуралдааны үеэр талууд Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Шарын гол компаниас шинээр санал болгосон төслүүд болон “Эрдэнэт” үйлдвэрийн  цагаан тоосыг бууруулах  төслийн талаар хэлэлцсэн байна.  Гурав дахь нь, манай орны ховор металлийн ордыг ашиглах, ашиглаад дууссан ордыг нөхөн сэргээх чиглэлд хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм байна.

Дөрөв дэх асуудал нь Холбооны Эдийн засаг, технологийн яамнаас боловсруулсан  “Түүхий эдийн салбарт хамтран ажиллах Герман-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр-/Түүхий эдийн түншлэл/”-ийг Монгол Улстай байгуулах хүсэлтэй байгааг дахин илэрхийлж, германы компаниудын сонирхолыг холбооны Засгийн газраас ч дэмжиж байгааг цохон тэмдэглэжээ.

Уул уурхай, эрдэс баялагийн салбарт хамтран ажиллах Монгол-Германы ажлын хэсгийн гуравдугаар хуралдаанд хоёр талаас нийт 33 төлөөлөгч оролцсон бөгөөд   18 нь хоёр талын уул уурхайн компаниудын төлөөлөгчдөөс бүрджээ.  
 
Хоёр талын тохиролцсоноор ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаан ирэх оны намар Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж