Какурюү хоёр унаатай болов

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Какурюү хоёр унаатай болов

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын башё Токио хотноо үргэлжилж байна. Аки башёгийн гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр болж, ёкозуна Хакухо М.Даваажаргал, цунатори буюу ёкозуна цол горилогч Харумафүжи Д.Бямбадорж нар тус тусын учраагаа давсан бол сэкиваки Какурюү М.Ананд өвдөг шороодсоноор хоёр унаатай боллоо.

Мэргэжлийн сумо бөхийн макүүчи буюу дээд зиндаанд Монголын найман сумоч барилдаж буй. Өнөөдрийн барилдаанд ёкозуна Хакухо баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Окиноумиг уватэнагэ мэхээр давснаар гурван даваатай болсон бол өчигдрийн барилдаанд өвдөг шороодсон озэки Харумафүжи өнөөдөр ёрикири мэхээр Ваканосатог давлаа. Харин Болгарын озэки Котоошю энэ өдөр зүүн жигүүрийн маэгашираг тэргүүлж буй Хомашод ошидаши мэхээр ялагдсанаар гурван унаатай болж байна. Дээд зиндаанд хүч үзэж буй Монголын бусад сумочдын тухайд Токитэнкү А.Хүчитбаатар цүкиотоши мэхээр Миябиямаг давж, хоёр дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Точиновакаг, Кёкүтэнхо Н.Цэвэгням Тоёохибикиг уватэна мэхээр тус тус давжээ. Мөн өнөөдрийн барилдаанд хоорондоо учраа тааран барилдсан Асасэкирюү Б.Дашням, Шотэнро Д.Нямсүрэн нарын барилдаанд Асасэкирюү уватэхинэри мэхээр давж, хоёр даваатай болсон бол Шотэнро гурван унаатай болоод байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж