Парламентын ахмад сэтгүүлчдийн уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Парламентын ахмад сэтгүүлчдийн уулзалт болов

Жил бүрийн есдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр тохиодог. Түүхт өдрийн хүрээнд Парламентын сэтгүүлчдийн холбооноос өнөөдөр гурван үеийнхний парламентын сэтгүүлчдийг хамруулсан дурсамж уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Л.Гүнсэн, Г.Жамьяан, С.Ерөөлсүрэн, И.Ринчинханд, Д.Цэрэннадмид, Н.Даваадаш, Б.Зоригт, О.Бат-Эрдэнэ, Ц.Туяа нарын ахмад сэтгүүлч болон зураглаачид хүрэлцэн ирж, оролцов. Тэд парламентын сэтгүүлчдийн хөдөлмөр тухайн үеийнхээ нийгэм,  эдийн засгийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн төдийгүй, төр иргэн хоёрын хоорондох гүүр болж ирснийг онцолж байлаа.  Мөн цаашид парламентын хөгжлийг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг их. Энэ ч утгаараа парламентын сэтгүүлч нь аль нэг нам, улс төрчдөд худалдагдах бус, харин жинхэнэ сэтгүүлчийн үнэ цэнэтэй хөдөлмөрийг үнэлүүлж ажиллах ёстой шүү гэдгийг захисан юм.

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх чиглэлээр хэвлэл, мэдээллийн 300 гаруй сэтгүүлч ажиллаж буй юм байна. Тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2004 онд Парламентын сэтгүүлчдийн холбоо байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жил тэргүүнээ шинээр томилсон. Одоо тус холбооны тэргүүнээр МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Ж.Алтангэрэл ажилладаг. Тэрбээр дээрх уулзалтын үеэр ахмадуудад хандаж “Парламентын сэтгүүлчдийн холбоо цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, ард олонд үнэн бодитой мэдээ мэдээлэл хүргэх үүргээ төгөлдөршүүлэхийн төлөө ажиллах болно”гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж