Засгийн газрын шийдвэр хүлээлт үүсгэв

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын шийдвэр хүлээлт үүсгэв

“Хүний хөгжил сан”-аас олгох нэг сая 500 мянган төгрөгийг бүтнээр нь авч чадахдаа эргэлзэж буй иргэн олон. Дор бүрнээ л “Чухам ямар хэлбэрээр, хэзээ олгох юм бол. Ирэх жил сонгууль болох гэж байхад яаж ийж байгаад өгчихмөөр юм” гэж гайхах нь бий. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Иргэн бүрт нэг сая, 500 мянган төгрөг олгоно” гэж мэдэгдсэн болохоор ямар шийдвэр гаргахыг хүлээж суухаас өөр аргагүй. Иймээс ч иргэдийн хүлээлтэд бага ч гэсэн хариулт өгсөн нэгэн шийдвэрийг Засгийн газар саяхан гаргасан. Энэ нь эх орны хишгээ орон сууцны зээлд ашиглах тухай байсан билээ. Уг шийдвэрийг талархан хүлээж авсан нэг хэсэг байхад “Иргэдэд нэг их дэмжлэг болохгүй. Нэг гэр бүлийн хэдхэн хүний мөнгө байрны урьдчилгаа төлөхөд хүрэлцэхгүй. Барилгын компаниудыг л дэмжих байх” гэж шүүмжлэх хүн ч олон бай­гаа аж. Учир нь дээрх шийд­вэртэй холбоотой тодорхойгүй асуу­дал олон бий. Тодруулбал, одоо­гоор “Иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хү­сэлтэд овог, нэр, регистрийн дугаар, захиалсан болон худалдаж авсан орон сууцны төрөл, хэмжээ, байршил, орон сууц барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны ду­гаар зэргийг тодорхой бичих шаард­лагатай. Таны илгээсэн хүсэл­тийг орон нутаг, нийслэлийн засаг захиргааны нийгмийн асуу­дал ха­риуцсан төр захиргааны бай­гуул­лага, Хөдөлмөр, халамжийн үйл­чил­гээ­ний газраар дамжуулан  Орон сууц, санхүүжилтийн корпорацид сар бүр хүргүүлнэ. Тус корпораци хи­шиг хүртэх иргэдийн хүсэлт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж буй эсэхийг хянах боломжтой гэж үзвэл, тухайн иргэний нэг сая төг­рөгийг гэрээ байгуулсан орон сууцны барилгын компанид шил­жүүлнэ” гэдгээр хязгаарлагдах мэ­дээлэл л байгаа юм. Өөр нэг тодорхой болсон зүйл нь энэ хэлбэрээр эх орны хишгээ хүртэх хүсэлтэй иргэд орон сууц худалдан авах гэрээ байгуулсан болон худал­дан авсан байх ёстой. Мөн “Тухайн гэрээ байгуулсан барилга нь 30 ху­вийн гүйцэтгэлтэй байх ёстой” хэмээн журамд заасан билээ.

Тиймээс “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг орон сууцны зээлийн урьдчилгаа хэлбэрээр авах, одоо авсан байгаа зээлийнхээ төл­бөрт шилжүүлэх зорилготой хү­мүүс хүсэлтээ чухам хэзээнээс эхэлж, аль байгууллагад өгөх зэрэг иргэдийн мэдэхийг хүсэж буй асуултад хариулт авахаар холбогдох байгууллагаар орлоо. Ингээд Зас­гийн газраас гаргасан мэдээлэлд “Ир­гэдийн хүсэлтийг тухайн орон нутаг, нийслэлийн төр захиргааны бай­гууллагаар дамжуулан Орон сууц­, санхүүжилтийн корпорацид хүр­гүүлнэ” гэсэн байсны дагуу уг корпорацийг зорилоо. Корпорацийн Зээлийн газрын дарга М.Уламбаяртай уулз­ахад тэрбээр “Уг ажилд зарцуу­лах мөнгийг ирэх оны төсөвт суул­гах болов уу. Гэхдээ чухам хэзээнээс эхэлж иргэдийн хүсэлтийг хүлээн авах нь тодорхойгүй байгаа. Энэ оны хувьд бэлтгэл ажлуудыг хангах жил байх бололтой. Иргэдийн хүсэлтийг  хэзээ, хаана хүлээж авах тухай шийдвэрийг Нийгмийн хам­гаалал, хөдөлмөрийн яамнаас гар­­гана байх” гэсэн хариултыг өгөв. Нийгмийн хамгаалал, хө­­дөлмөрийн яамны мэргэжилтнүүд мөн л “Энэ асуудалд тодорхой хариулт өгөх бо­ломж одоогоор байхгүй байна” гэдгээ хэлсэн. Ерөнхийдөө бүгд л Засгийн газрын шийд­вэрийг хүлээж байгаа бололтой. Олон асуудал иргэдэд тодорхой бус байгаагийн адил холбогдох бай­гууллагуудад ч “Ингэнэ. Тэгнэ” гээд хэлчих хариулт одоогоор байхгүй бай­гаа юм байж.

Дашрамд дурдахад, Орон сууц, санхүүжилтийн корпорациас зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох журамд холбогдох газруудын саналыг авч, журмыг боловсруулж дуусаад Засгийн газарт хэдийнэ хүргүүлээд байгаа гэнэ. Тэгэхээр Засгийн газрын ойрын хугацаанд хэлэлцэх асуудлын нэг нь энэхүү журам байж магадгүй нь. Хэрвээ энэхүү журмыг  батлахын зэрэгцээ иргэдэд байр авахад нь зориулж олгох нэг сая төгрөгийг яг хэзээнээс өгөхийг шийдчихвэл Засгийн газарт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэхээс өөр арга зам үлдэхгүй нь бололтой. Учир нь иргэдийн худалдан авах боломжоор баталгаажсан эрэлтийг хангах хэмжээний орон сууц байхгүй,  барьж эхлээгүй байгаа гэдгийг Орон сууц, санхүүжилтийн корпораци төдийгүй Монголын Үндэсний барилгын ассоциацынхан хэлсэн юм. Зургаан хувийн хүүтэй зээл олгох  журмын дагуу болон  “Хүний хөгжил сан”-ийн мөнгөөр авах байрны аль, аль нь шинээр хэрэгжих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууц байх учиртай юм.  Ямартай ч уг хөтөлбөрийн эхний хэсгийн барилгыг барих асуудлыг арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон. Тэгэхээр төсөл хэрэгжиж, эхний барилга ашиглалтад орох хүртэл Засгийн газрын шийдвэрийн үр дүн бодит амьдрал дээр биеллээ олох хараахан болоогүй байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж