Байгалийн эдийн засгийн форум эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Байгалийн эдийн засгийн форум эхэллээ

ОХУ-ын Эрхүү хотод өчигдөр Байгалийн эдийн засгийн долоо дахь удаагийн форум эхэллээ. Энэхүү форумд Оросын томоохон төлөөлөгчдөөс гадна олон улсын компани, олон нийтийн бай­гуул­лагуудын төлөөлөл, 20 гаруй орны гүйцэтгэх засаглалын тэргүүн багт­сан нийт 1000 гаруй хүн оролцож байна. Үүний дотор Венесуэл, Нигарагу, Колумб, Лити улс анх удаа төлөөлөгчөө илгээсэн аж. “Газпром”, “АЛРОСА”, “Сургутнефтьгаз”, “Транс­нефть” зэрэг Оросын төрийн мэдлийн томоохон компаниудын захирлууд ч мөн Эрхүү хотод очжээ. Харин манай орноос Ерөнхий сайд С.Батболд болон Засгийн газрын гишүүд оролцохоор мордсон билээ. Форумын үеэр “Сибир, Алс Дорнод болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд дахь хөрөнгө оруулалтын төслүүд”-ийг танилцуулсан үзэсгэлэнг олон нийтэд хүргэсэн байна. Үүгээр Байгалийн эдийн засгийн форумын гол зорилгыг тодорхойлж болох юм. Д.Медведев эдийн засгийн шинэчлэл хийхийг зорьж байгаа. Тэрбээр энэ ажлыг гадны хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар хийнэ гэдгээ ч мэдэгдсэн. Тэгэхээр энэ удаагийн Байгалийн эдийн засгийн форум гадны орнуудын анхаарлыг Сибирийн бүс нутагт хандуулах нэг алхам болох юм. Оросын эрх баригчдын Сибирийн байгалийн баялагт гол анхаарлаа хандуулах болсон. Үүнээс болж энэ бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж эхэлсэн юм. Түүнчлэн эрчим хүчний салбарт дэлхийн олон оронтой  хамтарч ажиллах сонирхол ч бий. Тиймээс Байгаль нуурын орчим дахь аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг ярилцах боловч түүнээс илүү эрчим хүчний салбарт бусад улстай хамтрах санал тавих нь эн тэргүүний асуудал юм.

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Байгалийн эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Орос оронд инновацийг хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү форумын гол зорилго оршино” хэмээн тодорхойлжээ. Хятадын Үндэсний ардын конгрессын Санхүү, эдийн засгийн хорооны тэргүүн Ши Сяуши ч мөн Засгийн газрын түвшинд хамтран ажиллаж, бизнесийн орчинг сайжруулах тухай онцолсон байна. Гэхдээ энэ бүх албан ёсны хуурай үгний цаана улс орон бүр өөрийн ашиг сонирхлыг гаргаж тавихыг хүсэл нь цухалзсаар байна. Тухайлбал, Хятадын төлөөлөгчид Оросыг хил орчмын нутгууд дахь хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжихийг санал болгож байгаа. Энэ удаагийн Байгалийн эдийн засгийн форумын гол онцлог нь АСЕАН-ы орнууд төлөөлөгчөө илгээсэн явдал. Зүүн, хойд Азийн орнуудын нийгэмлэгийн гишүүн орнууд энэ жил анх удаа энэхүү форумд оролцож байгаа аж. Сибирийн хөгжил Ази, Номхон далайн бүс нутагт хамаарна гэдэг утгаараа энэхүү эдийн засгийн форумын ач холбогдлыг нэмэгдүүлсэн ч байж болох юм. Орос улс байгалийн хий, газрын тосны экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн үед Европын зах зээлээс хараат байхаа болихыг эрмэлзэх болсон Кремлийн удирдагчид Хятад, Өмнөд Солонгосын зах зээл рүү түүхий эдээ гаргахын тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Гэхдээ тэдний төлөвлөсөн ажил тэр бүр бүтэмжтэй болж байсангүй. Тухайлбал, Хятадын Засгийн га­зартай үнийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүйгээс болоод тус улс руу байгалийн хий дамжуулах хоолой байгуулах төслийн ажил удааширсан. Хөрш орон гэдэг утгаараа Оросын энэхүү сонирхолд манай орон ч хавчуулагдах нь бий. Өмнөд Солонгосын зах зээл рүү байгалийн хий дамжуулах хоолой барихдаа Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх асуудал нэг хэсэг хүчтэй тавигдаж байсан билээ. Харин энэ удаагийн Байгалийн эдийн засгийн форумын үеэр эрчим хүчний салбарын асуудлыг хөндөж тавих учир дээрх яриа ч сөхөгдөж мэдэх юм.

Форум уулзалт нийт гурван өдөр үргэлжилнэ. Дашрамд дурьдахад, Байгалийн эдийн засгийн форумын үеэр “Ирээдүйд би ийм газар амьдрахыг хүсч байна” гэсэн сэдэвт зургийн үзэсгэлэн гарах юм. Үзэсгэлэнд Монгол, Орос, Хятад зэрэг орны хүүхдүүдийн бүтээлийг тавьж, сонирхуулахаар болсон байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж