С.Баярыг ОХУ-д амбан захирагчаар томилчихвол яасан юм бэ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

С.Баярыг ОХУ-д амбан захирагчаар томилчихвол яасан юм бэ

Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш яг гурван жил өнгөрчээ. Энэ ой өчигдөр тохиов. Эрх баригчид эрх мэдлээ бататгаж, улс төрийн тавцнаа хүчтэй сөрөг хүчин үгүй болсны гурван жилийн ой тохиосон нь тэр. Тийм ээ, 2008 оны есдүгээр сарын 12. Тухайн үеийн МАХН-ын дарга асан С.Баяр “Ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гэх мэт олон асуудлыг шийдэхийн тулд стандарт бус шийдлийг сонголоо” хэмээн мэдэгдэж байсан нь тэр цаг үе. Н.Алтанхуяг даргатай Ардчилсан намынхныг “ар­ми”-даа элсүүлсэн нь ч энэ өдөр. Гэвч хамтарсан Засгийн газрын “Загалмайлсан эцэг” хаачив. Одоогоос гурван жи­лийн өмнө “Үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоох, шу­дарга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, ха­риуц­лагын тогтолцоог тө­гөл­дөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах зорилгоор  МАХН болон Ардчилсан нам 2008-2012 онд хамтран ажиллахаар гэрээ байгуулав” хэмээн цагаан дээр хараар үзэглэж орхисон экс Ерөнхий сайд С.Баяр яг одоо хаана байна вэ. Тийм ээ, С.Баярыг сураг­лах шалтгаан бий.

Учир нь хамтарсан Засгийн газрын автор нь С.Батболд биш, С.Баяр. Тиймээс улстөрчид “С.Батболдын тэргүүлж буй хамтарсан Засгийн газрын биш, С.Баярын бий болгосон стандарт бус засаглалын гурван жилийн ой тохиож байна” гэлцэх болов. Хачирхалтай нь С.Баярын барцдыг С.Батболд үүрэх болов. Ардын нам болон Ардчилсан намын эсэргүү гишүүд С.Баярт хаяглах байсан захидлаа С.Батболдод хоёр ч удаа хүргүүллээ. С.Баярын барааг харах нь байтугай байгаа газрыг нь мэдэхгүй юм чинь арга ч үгүй биз. Ерөөс мань эрийг тойргийнхноос нь байтугай намынхнаас нь сураглаад ч нэмэргүй болчихсон шүү дээ. Гэтэл яасан гээч. Мөнөөх олддоггүй С.Баярын сургийг оросууд гаргаж өглөө. “Танай улсын экс Ерөнхий сайд манай оронд саатан морилж байна” хэмээх мэдээллийг ирүүлэв. 

Ингэхэд энэ С.Баяр яг хэн юм бэ. Монголын парламентч уу, аль эсвэл хойд хөршид тусгай үүрэг гүйцэтгэгч үү. Хэтрүүлж ойлговол, тэрбээр Монголын хэргийг ОХУ-д түр хамаарагч уу, хойд хилийг элбэн тохинуулагч уу. Үүний учрыг ер ойлгохоо болилоо. Учир нь тэрбээр МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албаа С.Батболдод шилжүүлснээс хойш Төрийн ордонд байтугай эх орондоо ч тогтохоо больсон. Өнөөдөр Америкт, харин маргааш нь Орост. Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан энэ эрхмийн хувь, хувьсгалын ажлын хуваарь ч нэг иймэрхүү хэмнэлд шилжсэн. Шилжсэн ч гэж дээ, С.Баярын байгаа байдал нь л тэр. Эрх баригч хүчний тэргүүн байхдаа тусгай үүргийн нислэгээр улсынхаа хилийг нууцаар давж байсан энэ эрхмийг “Одоо боль” гэлтэй нь биш. Гэхдээ л С.Баяр УИХ-ын гишүүний ажлаа Монголд биш, Орост хийдэг болсон нь сэжигтэй биш гэж үү.

Байгалийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт өчигдөр Эрхүү хотноо эхэллээ. Мэдээж хэрэг, энэхүү арга хэмжээнд С.Баяр оролцож байна. Ерөнхий сайд С.Батболд түүнийг  төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэсэн учраас тэр. Хэдийгээр энэхүү арга хэмжээний үеэр Эрхүү муж, Монгол, Хятадыг дамнасан аялал жуулчлалын бүс байгуулах тухай асуудлыг нээлттэй хэлэлцэх ч улс төр, эдийн засгийн хүчээ зузаатгах гэсэн Кремлийн бодлого энэ бүхний цаана бий. Тиймээс ч ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Сибирийн тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Толоконскийг, харин Ерөнхий сайд В.Путин Эрхүү мужийн амбан захирагч Дмитрий Мезенцевийг бие төлөөлөгчөөрөө илгээжээ.

Оросууд Байгалийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт буюу “Сибирийн Давос”-ыг Эрхүү мужид зохион байгуулдаг болсон нь ч учиртай. Учир нь Эрхүү муж газар нутгийн хувьд Монголтой ойр. Чухам ийм учраас С.Баярыг энд үе, үе дуудаж ирүүлэн нууц уулзалт хийдэг болсон. Тийм ээ, С.Баяр ба оросууд. Тэдний хувьд, Эрхүү дэх нууц уулзалтаа анх 2009 онд хийж байсан. Оросын олигархи Олег Дерипаска Хөдөө аж ахуйн сайд асан А.Гордеев, “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко нартай хамт Ерөнхий сайд асан С.Баяртай дипломат тохиролцоо хийсэн нь тэр. Оюутолгой биш, Тавантолгой, ураны орд газрын талаар ээлжит өргөө тавих гэж яарсан нь энэ. Мэдээж хэрэг, орос “школа”-той С.Баяр тэдэнд “Үгүй” гээгүй. Тиймээс Кремлийн ноёд, бас шинэ оросууд түүнд найдсан хэрэг. Харамсалтай нь С.Баяр хэдхэн сарын дараа Ерөнхий сайдын сэнтийгээ орхиж, АНУ руу ниссэн билээ. Хэлсэн үгэндээ хүрээгүйд нь хойд хөршийнхөн ч бухимдацгаав. Гэлээ гээд яалтай. Тэд С.Баярыг хүлээхээс өөр аргагүй болсон. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэн экс Ерөнхий сайдыг эргэн иртэл тэвчихээр шийдэцгээсэн. Оросуудын тактик ч талаар болсонгүй. С.Баяр Монголд ирмэгц бүх асуудал эрэмбэндээ орж, Орос, Монголын хамтарсан консорциум Тавантолгойд хөрөнгө оруулах тендерт шалгарав. Өмнийн говь дахь орд газрын Цанхийн баруун хэсгийн 40 хувийг Хятадын “Шинхуа” групп, 24 хувийг АНУ-ын “Пибоди энержи”, 36 хувийг Орос, Монголын хамтарсан консорциумын мэдэлд шилжүүлэх нь тэр. С.Баяр ийн оросуудад “өр”-өө төллөө.

Хойд хөршийнхөн энэ удаад геополитикийн шинэ дүрэм зохиоцгоож байна. Эдийн засгийн хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлох нэрийдлээр өрнө, дорно дахь Оросын талыг баримтлагчдыг Эрхүүд дуудан ирүүлэв. Мэдээж хэрэг, тэдний дэвшүүлсэн “Сибирь бол эдийн засгийн ихээхэн боломж бүхий газар нутаг. Эрхүү бол өсөлтийн гол цэг” хэмээх уриаг Байгалийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид дэмжих учиртай. Хамгийн сонирхолтой нь энэхүү арга хэмжээнд С.Баярын найзууд цөм ирцгээжээ. Мань эрийг МАХН-ын дарга, Ерөнхий сайд байх үед Тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлж байсан “En+Group”, “Русал”-ынхан, бас “Рос­технологи”-ийнхон… Тэд цөм Эрхүүд ирцгээжээ. Ха­рин энэ удаад оросууд экс Ерөн­хий сайдад ямар тулгалт хийх нь сонирхол татаж байна. Та­вантолгой, төмөр зам, уран. Тийм ээ, тэдний мэдэлд эд цөм бий. Гэвч С.Баярыг шахаанд оруулах ээлжит сэдэв нь чухам юу байх бол. Тэр тусмаа энэ эрхмийг УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа умарттал нь ОХУ-д ажиллуулах ямар ашиг сонирхол байна гэж. Нэртэйгээр нь С.Баярыг ОХУ дахь Монголын амбан захирагчаар томилчихвол яасан юм бэ, “ах нар” аа! Тэгээд ч Орост ажилтай яваа хүнийг “Энд ирж, УИХ-ын гишүүнийхээ ажлыг хий. Хуулийн төсөл санаачилж, ирцээ бүртгүүл” гэж шавдуулах нь хэн, хэндээ түвэгтэй биз дээ.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж