Жокович “Их дуулга”-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Жокович “Их дуулга”-д түрүүллээ

Нью-Йорк хотноо болсон “Их дуулга”-ын дөрвөн цуврал тэмцээний нэг US Open буюу Америкийн нээлттэй тэмцээнд дэлхийн чансааны номер нэг, Сербийн теннисчин Новак Жокович түрүүллээ. Нью-Йорк хотын “Артур Аше” талбайд дөрвөн цаг, 10 минут үргэлжилсэн энэхүү тоглолтод Жокович өнгөрсөн жилийн US Open тэмцээний аварга, дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгддэг Испанийн теннисчин Рафаэль Надальтай дөрвөн үеийн турш тоглож, 6-2; 6-4; 6-7 (3-7); 6-1 харьцаатай буулган авлаа. Жокович энэ жилийн дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь буюу Австралийн нээлттэй, Уимбльдон, Америкийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлж байна. Ингэснээр тэрбээр нэг жилд гурван “Их дуулга” хүртсэн зургаа дахь тамирчин теннисчин боллоо. Мөн 2011 он гарсаар 66 тоглолт хийснээс зөвхөн хоёрт нь хожигдсон хосгүй амжилттай яваа юм. Харин Надаль энэ жил Жоковичтой зургаан удаа тоглохдоо бүгдэд нь хожигджээ. Тоглолтын дараа тэрбээр “Миний хувьд энэ жил үнэхээр  сайхан болж өнгөрч байна. Би Надальтай тоглож, түрүүлснээ үргэлж санаж явах болно. Энэ бол агуу том тэмцээн. Надад гайхамшигтай мэдрэмж төрж байна” хэмээжээ. Жокович Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын дөрөв дэх цомоо хүртэж байна.

Зургийг энд дарж үзнэ үү

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж