Яндан манаснаас хөтөлбөрөө хэрэгжүүлье

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Яндан манаснаас хөтөлбөрөө хэрэгжүүлье

Намрын налгар шаргал өдрүүдийг үдэхэд цөөхөн хоног үлджээ. Гадаах  хэм нэмэх 20 градусаас шууд 10 градус руу бууж, цаг агаар гэнэт цочир хүйтэрсэн нь хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буйн дохио юм.

Намрын сар найм биш гэдгийг наадмын дараа л сануулж эхэлдэг ч өвлөө “мартчихдаг” нь монголчуудын бас нэг гэм биш зан болоод байгаа. “Мартсан” өвөл ирэхийн өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэгэн шийдвэр гаргасан нь гэр хорооллынхонд түгшүүр зарлаадахав. Зун, намрын зургаан сардаа бас мартчихдаг, өвөл болохоор өөрийн эрхгүй дээр дооргүй шуугилддаг утааны эсрэг тэмцэхийн тулд гаргасан энэ шийдвэр иргэдэд төдийлөн таалагдахгүй байна. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар ирэх өвөл Улаанбаатарын гурван дүүргийн 18 хороонд утаагүй түлш түлүүлэх, бүтэн шаталттай зуух хэрэглүүлэхээр болсон. Дээрх хороодын өрхүүд утаа түлж байгаа эсэхэд хэсгийн ахлагчид хяналт тавих гэнэ. Тодруулбал, яндангийн манаачаар 484 хэсгийн ахлагчийг ажиллуулах бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль зөрчсөн, Улаанбаатарыг утаанбаатар болгосон өрхөд ихээхэн хэмжээний торгууль ногдуулах гэнэ. Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд Улаанбаатарын утааг бохирдуулсан нөхөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тодорхой тусгасан. Тус хуулийн 26.1.1-д журам зөрчсөн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин, аж ахуйн нэгж, албан байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох юм байна. Бүр торгууль хүлээлгээд тоохгүй бол хашаанаас нь нүүлгэх хүртэл арга хэмжээ авахаа Нийслэлийн агаарын чанарын албаныхан мэдэгдэв. Амжих уу, ингэхэд. Өвлийнхөө нүүрсийг хэрхэн худалдаж авах вэ хэмээн толгойгоо гашилгаж байгаа гэр хорооллынхон дотор  Улаанбаатарт утаа тарьсан хэргээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль төлөх өрх хэд байх бол. Хичнээн айлыг нүүрс түлсэн хэргээр яллаж чадах вэ. Адгийн тэнэг ч энэ шийдвэрийг ажил хэрэг болно гэдэгт эргэлзэх биз. Яндангийн манаачаар ажилласан 484 хэсгийн ахлагчийн цалинд нийтдээ193,6 сая төгрөг зарцуулах гэнэ. Тэд нүүрс түлсэн өрхүүдтэй жинхэнэ утгаар нь тэмцэл өрнүүлж чадна гэдэг бас л эргэлзээтэй. Учир нь нийслэлд нүүрс битгий хэл дугуй түлж өвлийг давдаг өрх цөөнгүй байдаг гэсэн. Тэдгээр өрхийг тэгвэл шоронд хорих уу гэх мэтчилэнгийн олон асуултууд хариулт өгөх ганцхан арга нь уг нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээл. Монгол Улсын Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж нэг сумаар хоёр туулай буудахаар төлөвлөсөн. Иргэдээ орон сууцжуулж ингэснээр Улаанбаатарын агаарын бохирдолд цэг тавихаар төлөвлөсөн дээрх хөтөлбөр хэрэгжсэн бол давхар, давхар ажлыг амжуулах байв. Даанч ирэх жилээс л хэрэгждэг юм уу гэхээс энэ жилдээ л лав бага, дунд орлоготой иргэд байртай болж чадахгүй нь тодорхой боллоо.  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас нийтдээ  447 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой. Үүний 300 тэрбумыг нь  зөвхөн барилга угсралтын ажилд зарцуулна. Уг нь төрөөс газар болон инженерийн шугам сүлжээний ажлыг нь бүрэн даахаар болсон нь хямдхан байртай болчих юм байна гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлчихээд байгаа.  Ядаж байхад Засгийн газрын тэргүүний зарласан хямдрал нь хямдхан байртай болохсон гэх хүлээлтийг олон нийтийн дунд бий болгосон.  Харамсалтай нь тэр хямдрал нь хаана гацсан нь тодорхойгүй. Засгийн газраас зарласан “sale”-аа хэрэгжүүлчих юм бол яндан манах ямар ч хэрэггүй болно.  Хахир хавраар зарласан зургаан хувийн зээлийн хүүг гаргах ажлыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголбанк, Хөгжлийн банк хариуцаж буй.  Гэвч хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгийг нь гаргах үүрэгтэй Хөгжлийн банк мөнгөний хямралд орчихсон.   Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн наймдугаар сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 227 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэнэ. Харин төсвийн урсгал орлого 2705 тэрбум төгрөг, урсгал зардал 1962.1 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 742.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна.  Засгийн газар энэ их мөнгийг хаана, юунд зарцуулж чөтгөр бүү мэд.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээгээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр газар чөлөөлөх ажил хийж байгаа аж. Энэ ажилд төрөөс 20 тэрбум төгрөг зарцуулж буй юм байна. Уг нь яндан мануулж, манаачид нь 200-гаад сая төгрөг зарцуулж байснаас зургаан хувийн хүүтэй зээлээ шийдвэрлэж, зуун мянган орон сууцаа бариад эхэлчихвэл ч Улаанбаатарын утааны асуудалд цэг тавихад тун ойрхон очно гэсэн үг. Ингэхэд, яасан нь дээр вэ дарга нар аа, яндан манах уу. Эдийн засгийн үр шим болоод иргэдийн амьдралд үр өгөөжтэй ажил аль нь вэ гэдэг асуултгүй  ойлгомжтой байх.

Ж.Нямсүрэн

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж