
Найм дахь жилдээ зохион байгуулж буй “Miss Mongolia-2011” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн “АСА” циркт есдүгээр сарын 14-нд 20.00 цагт болно. Нийт 10 сая төгрөгийн шагналын сантай миссийн тэмцээний эцсийн шатанд телевизийн реалити шоунаас 16 бүсгүй тунан үлджээ. Тэмцээн гурван үе шаттай аж. Үүнд, эхний шатанд 14 цуврал нэвтрүүлэг бүхий реалити шоуг хийж байгаа бол хоёрдугаар шатанд финал буюу үндсэн шалгаруулалт болж миссүүдээ тодруулах юм. Харин гуравдугаар шатанд сэтгүүлчдэд нээлттэй шоуг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ удаагийн Үндэсний хэмжээний мисс шалгаруулах тэмцээн нь өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс МҮОНРТ-ээр реалити шоу хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа юм. Эл нэвтрүүлгийн ерөнхий найруулагчаар тус телевизийн дөрөвдүгээр нэгдлийн найруулагч Б.Сүхбаатар ажиллаж байгаа бөгөөд “Miss Mongolia-2011” гоо бүсгүй шалгаруулах реалити шоу есдүгээр сарын 16-нд төгсгөлийн нэвтрүүлгээ цацах гэнэ.
Зохион байгуулагчид эл наадмын талаар жилээс жилд олон улсын стандартын дугуу зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаад ч үндэсний хувцас, усны хувцас, асуулт хариулт, гоёлын даашинз, урлагийн үзүүлбэрт охид өрсөлдөн шилдгээ тодруулна хэмээв. Түүнчлэн “АСА” циркт болох тэмцээний хөтөлбөрт урьдчилсан шалгаруулалтаар шалгарсан зургаан оролцогчийн урлагийн үзүүлбэр болон нийт оролцогчдын хөдөлгөөний эвсэл, бие галбирыг бүрэн харуулсан бүжгийн хоёр үзүүлбэр багтаж байгаа гэнэ. Харин эцсийн шалгаруулалтын шүүгчдын нэрс хэдийгээр нууц байдаг ч ерөнхий шүүгчээр мисс Ч.Содтуяаг ажиллана хэмээн зохион байгуулагчид мэдээлсэн юм. Эдгээр 16 оролцогчоос эхний байрт шалгарсан тэргүүн мисс “Miss international-2011”, дэд мисс ”Miss Intercontinental” буюу тивүүдийн миссийн тэмцээнд эрх орноо төлөөлөн оролцох бол гуравдугаар байрт шалгарсан охин “Top Model of the world” дэлхийн топ модель шалгаруулах тэмцээнд тус тус эх орноо төлөөлөн оролцох эрх гардан авах юм байна.