Taйландын компани ”Hunnu Coal”-ыг худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Taйландын компани ”Hunnu Coal”-ыг худалдаж авна

Тай улсын нүүрсний магнат “Banpu Public” компанийн охин компани “Banpu Minerals” Монголд нүүрсний хэд хэдэн төсөл эзэмшиж буй Австралийн “Хүннү Коал” компанийг бүрэн эзэмшилдээ авах саналыг өнөөдөр тавьжээ.  Banpu нь “Хүннү Коал”-ын нийт хувьцааны 12.4 хувийг өнгөрсөн гуравдугаар сард 45 сая доллараар эзэмшилдээ авсан юм.  

Тус компани одоо Хүннү-гийн үлдсэн хувьцааг зах зээлийн үнэлгээнээс харьцангуй дээгүүр үнээр худалдаж авах саналыг “Хүннү Коал”-д тавиад байна. Өнгөрсөн баасан гаригт Австралийн хөрөнгийн биржид “Хүннү Коал”-ын нэгж хувьцаа 1.385 австрали доллар байсан бол өнөөдөр 1.735 австрали доллар болж үнэлгээ нь өсчээ.

Харин Banpu “Хүннү Коал”-д нэгж хувьцаа бүрийг нь 1.80 австрали доллараар худалдаж авах санал тавиад буй юм. Өөрөөр хэлбэл “Хүннү Коал”-ын зах зээлийн үнэлгээ 375 сая австрали доллар болж буй юм. Гэхдээ энэ нь зөвхөн Хүннү Коал-ын хувьцааны үндсэн үнэлгээ. Banpu Хүннү Коал-ын хувьцааны дагалдах нөхцөлүүдэд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай учир нийтдээ 477 сая австрали долларын үнэ санал болгожээ.

Хүннү Коал  компанийн эзэмшиж буй 14 төсөл дундаа Дундговь дахь “Үнст худаг”, Өмнөговь дахь “Цант уул”, Говь-Алтай дахь “Алтай нүүрс” зэрэг гурван төсөл гол байрыг эзэлж буй.  “Цант уул” нь 90 сая тонны ЖОРК нөөц бүхий коксжих нүүрсний төсөл бол “Үнст худаг” нь 324 сая тонны ЖОРК нөөцтэй эрчим хүчний нүүрсний төсөл юм. Харин “Алтай нүүрс” коксжих нүүрсний төслийн үйл ажиллагаа хайгуулын шатандаа өрнөж буй бөгөөд 250-500 сая тонн нөөц илрүүлэхээр зорьж байна.

“Хүннү Коал” компани энэ оны сүүлийн улиралд “Цант уул” төслийн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж буй юм. Тус компанийн төлөвлөж буйгаар уг төслийн олборлолтын бүтээмж 2012 онд 1.5 сая тонн, 2013 онд 3 сая тоннд хүрэх ажээ.

Хэдийгээр Австралийн "Хүннү Коал" компани Тай улсын нүүрсний магнат Banpu-тай Стратегийн түншлэл байгуулсан ч, уг саналыг зөвшөөрөх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Есдүгээр сарын сүүлээр хоёр компани  эзэмшлийн хэлцлийн талаар албан ёсны тохиролцолд хүрэх ажээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж