Ослоос амь гарсан Галимовт мөгөөрсөн хоолой суулгана

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Ослоос амь гарсан Галимовт мөгөөрсөн хоолой суулгана

Ярославлийн онгоцны ослоос амьд үлдсэн “Локомотив Ярославль” клубын хоккейч Александр Галимовыг өнгөрсөн пүрэв гаригт Вишневскийн мэс заслын эмнэлэгт хүргэжээ. 90 хувийн түлэгдэлтэй Галимовыг арьс нөхөн сэргээх төвийн сэхээн амьдруулах аппаратанд оруулсан байна. Эмч нар түүний уушгийг хавагнахаас сэргийлж гуурсан хоолой суулгажээ. Гэвч хоккейчныг өөрөө амьсгалж чаддаг болтол мөгөөрсөн хоолой шилжүүлэн суулгах шаардлагатай гэнэ. Ийм төрлийн мэс засал хамгийн хэцүүд тооцогддог. Мөгөөрсөн хоолой суулгах мэс заслыг амжилттай хийсэн ч үүнийг удаан тогтоох нь хамгийн хэцүү гэнэ. Хэрэв мэс засал амжилттай болвол Галимов амьд үлдэх юм. Гэвч мөгөөрсөн хоолой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болох тохиолдол маш ховор гэнэ. Ослоос амьд үлдсэн “Як-42” онгоцны нислэгийн инженер Александр Сизов Склифосовскийн  эмнэлэгт  үхэл амьдралын зааг дээр байгаа ажээ. Ослоос амьд үлдсэн Адександр Галимов, Александр Сизов нарыг орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гаригийн 16 цагийн үед аврах багийнхан олсон юм. Хоёр хуваагдсан онгоцны сэгийн нэг хэсэг нь усанд, нөгөө нь эрэг дээр хол шидэгдсэн байжээ. Александр Галимов цээжээрээ эрэг рүү мөлхөж байхыг харсан аврах ажилтнууд түүнийг эхэндээ загасчин гэж боджээ. Эргийн ус гүехэн байснаас завьтай аврах ажилтнууд түүнд дөхөж чадахгүй байжээ. Удалгүй тэд амьд гарсан нислэгийн инженерийг уснаас гарах гэж хичээж байхыг харсан байна. Энэ үед Галимов айхтар түлэгдсэн ч ухаан алдаагүй байсан бөгөөд эрэг рүү хэд алхсан ажээ. Аврах ажилтнууд түүнд яаж туслахаа мэдэхгүй алмайрсан талаар сүүлд нь ярьсан байна. Чичирч байсан хоккейч юм нөмрүүлэхийг хүссэн аж. Түүнийг завинд суулгасны дараа түргэн тусламжийн эмч нэрийг нь асуухад “Ах дүү нар аа, би Галимов байна” гэж хэлсэн талаар ИТАР-ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж