Тариаланчид НӨАТ-ийг тэглэсэн талаарх ойлголтгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Тариаланчид НӨАТ-ийг тэглэсэн талаарх ойлголтгүй байна

Энэ жил Төв аймгийн Батсүмбэр сум 340 га талбайд төмс, 200 га-д хүнсний ногоо, 400 га-д малын таримал тэжээл тарьсан байна. Төмс хүнсний ногооны тариалт энэ сарын 20 -нд дуусна гэж Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр хэлж байв. Одоогийн байдлаар сумын хэмжээнд нийт нөөцлөх хадлангийн 60 хувь буюу 4200 тонныг бэлтгэсэн байна. Мөн Батсүмбэр суманд ажиллахдаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чацаргана, үхрийн нүд болон нарийн ногоо тарьж байгаа иргэн Г.Очирбатынд зочиллоо. Г.Очирбат нь 4 га талбайд хоёр төрлийн сортын чацаргана, 1 га талбайд үхрийн нүд жимс тарьж байна. Нэг жилдээ ойролцоогоор 3 тонн чацаргана хураан авч, зах зээлд нийлүүлдэг. 1972 оноос эхлэн Төв аймагт чацаргана тарьж байгаа чацарганаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүдэд нийлүүлдэг байна. ‘’Хийе гэвэл ажил их байна, сайхан амьдрах нөхцөл бололцоо хаана ч байдаг’’ гэж хэлж байсан иргэн Г.Очирбат өөрийн чацарганы аж ахуйг УИХ-ын даргад танилцуулан цаашид чацарганаа ашиглан олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байгаагаа хэлж байв. Одоогоор Г.Очирбатынх чацарганы тос, чацарганы шүүс болон чацарганы дарс үйлдвэрлэж байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ‘’Ард иргэд газрын үр шимийг хүртэн хөдөлмөрлөж байгаа нь бэлэнчлэх сэтгэлгээг халж, өөрсдийн хүчээр сайхан амьдрах бололцоо буйг харуулж байгаа’’-г онцоллоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарыг дагалдан иргэн Г.Очирбатынхаас чацаргана тарих туршлага хуваалцахаар хувь иргэд ч дагалдан явсан юм.

Үүний дараа УИХ-ын даргын ажлын бүрэлдэхүүн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд ажиллав. Тус хорооны нутаг дэвсгэрт ажилгүй иргэдийг ажлын байртай болгох зорилгоор нийслэлийн хөдөлмөрийн газар болон дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй хөдөлмөрийн насны 800 гаруй иргэнийг ажлын байраар хангах ажил биелэлээ олжээ. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан иргэд 2011 оны 5-10 сарын хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд  200 га талбайд төмс тарьж, 1000 тонныг хураан авсан байна. Мөн 87 га талбайд хүнсний ногоо тариалж, 70 гаруй тонныг хураан авчээ. Цаашид энэхүү хөтөлбөр ‘’Улаанбаатар агро парк’’ болж өргөжин, иргэдийг ажлын байраар хангах зорилт тавьсан болохоо УИХ-ын даргад танилцуулав. Ийнхүү иргэд бүлэг болж, ажлын байраар хангагдсанаас гадна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд иргэд хувиараа хүнсний ногоо тарьж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг туршлага ч байна. Тэдний нэг бол Иргэн Г.Батмөнхийнх. Г.Батмөнх 90 га талбайд байцаа болон хүнсний 18 төрлийн нарийн ногоо тарьж байна. Зах зээлийн эрэлтээс шалтгаалан цэцэгт байцаа, хулуу, хятад байцаа, булцуут сонгино, чинжүү тариалж байгаа нь газар тариалангийн салбарт хийж байгаа шинэчлэлийн нэг хэсэг болсноос гадна монгол хөрсөнд гадаадын нарийн сортын хүнсний ногоо ургах бүрэн бололцоотой болохыг харуулж байгааг УИХ-ын дарга хэлж байв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд хоёр өдөр Төв аймгийн гурван сумдаар ажиллахдаа газар тариалангийн салбарын хөгжил, өнөөгийн байдал, тариаланчдын өмнө тулгарсан бэрхшээлтэй асуудлуудын талаар ярилцаж байлаа. Мөн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон фермерийн аж ахуй эрхлэгчидтэй уулзсан.  

Төрөөс газар тариалангийн салбарыг 2008 оноос ‘’Атрын-III’’ аяны хүрээнд эхлүүлж газар тариаланчдыг НӨАТ-аас бүрэн чөлөөлөлсөн нь газар тариалангийн салбар сэргэх үндсэн нөхцөл болсныг УИХ-ын дарга хэлж байв. Хоёр өдөр Төв аймагт ажилласан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл газар тариаланчдыг дэмжсэн тэдэнд мөнгөн урамшуулал олгож эхэлсэн нь үр дүнтэй байгааг дахин онцлоод харин одоо сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, иргэд ААН-ийг төрөөс бодлогоор дэмжих зохицуулалт хийх судалгааны ажлыг эхлүүлэхийн чухлыг хэлж байв. Иймээс энэ удаагийн Төв аймагт хийсэн ажлын айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд болон ХХААХҮЯны мэргэжилтнүүдэд сүүний үйлдвэрт тушаасан малчдын сүүнд нийлүүлэлт тутамд нэг литр эсвэл нэг тонн тутамд мөнгөн урамшуулал олгох тооцоог гаргаж, УИХ-д оруулж ирэх үүргийг өглөө. Ингэж чадвал газар тариалангийн салбар хөл дээрээ босож, тариаланчид сэтгэл дүүрэн байгаагийн нэгэн адил малчид тэр дундаа сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фермерүүдийг дэмжих төрийн бодлого үр дүнд хүрэх, эдийн засгийн томоохон хөшүүргэ болохыг УИХ-ын дарга онцлов. УИХ-ын даргын энэ удаагийн Төв аймагт хийх айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга болон албаны бусад хүмүүс байлцав.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Батсүмбэр суманд

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төв аймагт ажилласан хоёр дахь өдрөө тус аймгийн Батсүмбэр сумын тариаланчид иргэдтэй уулзлаа. УИХ-ын даргын эхний зогсоол Батсүмбэр сумын тариаланч О.Лхагважавынх байлаа. Тэднийх сүү-махны чиглэлийн хосолмол ашиг шимт алатау үүлдрийн үхэр сүрэг үржүүлж, фермерийн аж ахуй эрхэлдэг. Иргэн О.Лхагважавынх 40 гаруй саалийн үнээтэй, нэг үнээнээс 8.5 литр сүү, нэг жилдээ 2290-3000 литр сүү авч байна. Махныхаа үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр өөрийн орны болон гадаад орнуудын өндөр ашиг шимт бухны хөлдөөсөн үрээр жил бүр 15-20 үнээнд зохиомол хээлдүүлэг  хийж, хээл авалт 88.0 хувьтайгаар олон улсын стандартын түвшинг ханган ажиллаж байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл фермерийн аж ахуйгаар төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж, түүнийг хашаажуулан хамгаалалтанд авч, мөн хадлангийн талбайгаа хашиж, өөрийн хэрэгцээний малын тэжээлээ бүрэн хангаж байгааг сайшаагаад дулааны улиралд сүүг гашилгаж, муудуулахгүй байх зорилгоор жижиг оврын сүүний хөргөлтийн цехийг ажиллуулж, ойр орчмын фермерийн сүүг нэгтгэн авч хамтран ажиллаж байгаа энэ үйл явц цаашид эрчимжинэ гэдэгт найдаж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж