
‘’Хаан ембүү’’ ХХК 1996 онд байгуулагдсан, Улаанбаатар хотоос 135 км-ийн зайнд оршдог бөгөөд 2008 онд Европын холбооны улсууд тэр дундаа Голланд, Чех, Герман, Итали, Энэтхэг зэрэг орнуудад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон гэж ‘’Хаан Ембүү’’ ХХК-ийн захирал Ж.Мөнхжаргал хэлж байв. Тоног төхөөрөмжийн хүчин чадлаас шалтгаалан ‘’Хаан ембүү’’сүүний үйлдвэрийн сүү боловсруулах үйл явц бүрэн автоматжсан, цахим удирдлагатай байх гадаадын шилдэг технологийг нэвтрүүлснийг УИХ-ын дарга сайшааж байв. Тус үйлдвэр зах зээлд зургаан нэр төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн /цагаан йогурт, жимстэй йогурт, элгэн тараг, цөцгий, сүүг үйлдвэрийн аргаар савласан сүүн бүтээгдэхүүн/ үйлдвэрлэн борлуулж байна. ‘’Хаан ембүү’’ ХХК зуны улиралд нэг литр сүүг 350 төгрөгөөр, харин өвлийн улиралд 850 төгрөгөөр худалдан авдаг бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал нэг хоногт 60-70 тонн сүү боловсруулах хүчин чадалтай юм байна. Гэвч одоо зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй харин нэг өдөрт 2 тонн сүү боловсруулж байгаа бөгөөд сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн үе шатыг УИХ-ын даргад сонирхууллаа.
Сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд нар Жаргалант сумын Нарангийн энгэрт байрлах иргэн Г.Батбаярын тариан талбайд зочиллоо. Энэхүү 100 гаруй га талбайд зургаан төрлийн сортын төмс, 5 га газарт манжин, лууван тариалж байна. Тариаланчдыг дэмжихийн тулд УИХ-аас хийж байгаа эрх зүйн зохицуулалт, урамшууллыг бодит амьдрал дээр иргэд тэр бүр мэдэхгүй байна. Иймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Су.Батболд нар иргэн Г.Батбаярын тариалангийн талбайтай танилцаж байхдаа, иргэдэд газар тариаланг дэмжиж байгаа бодлогын талаар ярилцсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн даргалж байгаа энэ УИХ-ын ээлжит чуулганы бүрэн эрхийн хугацаанд буюу хоёр жилийн өмнөөс эхлэн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхийн тулд НӨАТ-ыг тэглэсэн, дотоодын тариаланчдыг дэмжихийн тулд гадаадаас импортоор оруулж ирэх хүнсний ногооны татварыг 15 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг бодлогоор хэрэгжүүлсэн болохыг газар тариаланчидтай ярилцлаа. Энэ бодлого ч бодит амьдрал дээр үр дүнгээ өгч эхэлсэн нь УИХ-ын даргын Төв аймагт хийсэн ажлын айлчлалын үеэр харагдаж байлаа.
Буудайн урамшуулалд тариаланчид сэтгэл өег байна
Үүний дараа УИХ-ын дарга ‘’Хөх баянбулаг’’ ХХК-ийн тариа хураалтын үйл явцтай танилцсан юм. ‘’Хөх баянбулаг’’ ХХК нийт эргэлтийн 6000 га талбайтай бөгөөд 2011 оны байдлаар 2840 га талбайд улаан буудай тариалж, 3200 га талбайд уринш боловсруулалт хийсэн байна. Энэхүү компани 50 үндсэн ажилтантай, хавар намар улирлын чанартайгаар 30 гаруй ажилчин орон нутгаас авч ажиллуулдаг байна. Энэхүү компани жилд дунджаар 45-50 сая төгрөгийг тогтмол төлж, эдийн засаг санхүүгийн хувьд биеэ дааж ХАА-н үйлдвэрлэлийг тогтвор суурьшилтай явуулж ирсэн болохоо тус компанийхан танилцуулав.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл газар тариалангийн салбар сэргэж, иргэд хөдөлмөрчид газрын үр шимийг хүртэн, эргээд баялаг болгох, зах зээлд борлуулж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх үйл явц хөдөө нутагт идэвхсэн байгаад сэтгэл өндөр байгаагаа тариан талбайтай танилцах үедээ онцлон хэлж байв.
Үр тарианы хувьд төрөөс барьж байгаа бодлого бол үйлдвэрлэлийн зориулалтаар тушаасан нэг тонн үр тариа тутамд мөнгөн урамшуулал олгож эхэлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл 2008 онд тариаланчдын нэг тонн үр тариа тутамд 80 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байсан бол өгч байсан бол энэ жил 50 мянган төгрөгийн урамшууллыг олгож байна. Үүнд тариаланчид нь урамшиж байгаагаа хэлж байсан.
Эрдэнэшишийн дарш бэлтгэж байна
Төв аймгийн Жаргалант сумын ‘’Борнуур Фүүдс’’ ХХК-ийн үхрийн ферм болон сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй УИХ-ын дарга танилцлаа. Тус компани эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослуулан үйл ажиллагаа явуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Тус үйлдвэр нэг өдөрт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд ариутгасан сүү, аарц, шар сүү зэрэг долоон төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. ‘’Борнуур Фүүдс’’ ХХК саалийн 100 үнээтэй бөгөөд малын тэжээл бэлтгэх ажилд шинэчлэл хийж, сүүлийн 20 жилд Борнуур суманд огт хийгдээгүй эрдэнэ шишийн даршийг 2010 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Хуучин хорголжин тэжээлийн үйлдвэрийг сэргээж малын ногоон тэжээлийг үйлдвэрлэхээр Австрали улсын дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд цаашид энэ технологийг өргөнөөр хэрэглэх сонирхол их байгаа болохыг тус компаний захирал С.Ганбаатар УИХ-ын даргад танилцуулав. Мөн Борнуур сум, Төв аймгийн Жаргалан сумын адилаар иргэд газар тариалангийн үр шимийг хүртэн, амьдрал ахуйгаа залгуулан, улирлын чанартайгаар иргэдийн ногоон талбайгааг ажиллуулж байгаа нь зуны улиралд иргэдийг ажлын байраар хангаж байна.