”Нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө бий”

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

”Нэг их наяд төгрөгийн илүүдэл хөрөнгө бий”

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Р.Саранцэцэгийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-УИХ-ын намрын чуул­ганаар хэлэлцэх асуудлуудын эхэнд ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үнд­сэн чиглэл баг­таж байгаа. Мон­гол­банкнаас боловс­руулж буй мөнгөний бод­логын төслийг ирэх сарын 1 гэхэд УИХ-д өргөн ба­рих ёстой. Ирэх жил мөнгөний ямар бодлого баримт­лахаар тоо­цоолж бай­на вэ?

-Ирэх жил баримтлах мөн­­гөний бодлогыг нам, тогт­вортой инфляцийн түвшнийг барих, макро зохистой бод­логын арга хэмжээг авах гэ­сэн хоёр үндсэн асуудалд төвлөрүүлэн боловсруулж байгаа.
Энэхүү бодлогын онцлог нь инфляцийн түвшнийг тогтвортой барих гэдэгт оршиж байгаа юм. Одоо инфляцийн түвшин маш тогтворгүй байна. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр инфляци өсч, буурахаар нь дагаад буурах хандлага ажиглагдаж байгаа. Тиймээс нам, тогтвортой инфляцийн орчин, төсвийн тогтвортой байдлыг бий болгож чадвал Монголын эдийн засаг дунд, урт хугацаанд тогтвортой өсөх нөхцөл бүрдэх юм.

-Монголбанкнаас инфляцийн түвшнийг нам, тогтвортой байлгах мөнгөний бодлого баримталж байгаа гэлээ. Та бүхэн ирэх жил инфляцийн түвшин ямар байна гэж тооцоолсон бэ.  Ямар аргаар нам, тогтвортой түвшинд барих гэж байна вэ?

-Монголбанкнаас авсан мөн­гөний бодлогын арга хэмжээний үр дүн тодорхой цаг хугацааны хоцрогдолтойгоор эдийн засгийн төрөл бүрийн сувгуудаар дамжин нийт эрэлтэд  нөлөөлж байж инф­ляцид нөлөөлдөг. Ингэж инфляцид нөлөөлөх хүртэл 4-6 улирал шаардлагатай байдаг. Тиймээс бид ирээдүйд үүсэх инфляцийн түвшнийг зайлшгүй таамаглаж байж мөнгөний бодлого боловсруулдаг. Бидний таамагласнаар ирэх жил инфляци нэлээд өндөр хувьтай байх тооцоо гарсан. Мэдээж одоогийнх шигээ төсвийг халамжийн чиглэлээр тэлэх бодлого явуулбал шүү дээ. Гэхдээ таамаглал өөрчлөгдөх олон эрсдэл бий. Инфляци эрэлт болон нийлүүлэлтийн шалтгаанаас үүсдэг. Манайд үүсч буй инфляци дээрх хүчин зүйлсээс үүсч байгаа нь ч мэдээж. Илүүдэл эрэлтээс үүссэн инфляцитай тэмцэхэд төсвийн болон мөнгөний бодлого чухал нөлөөтэй. Харин нийлүүлэлтээс үүссэн инфляцийг мөнгөний бус төсвийн бодлогоор зохицуулдаг. Тэгэхээр одоогийн инфляцийн түвшин болон ирээдүйд хүлээлт үүсгэж буй инфляцийн түвшнийг бууруулахад төсвийн бодлого голлох үүрэгтэй юм. Тиймээс мөнгөний болон төсвийн бодлогыг хооронд нь маш сайн уялдуулах хэрэгтэй байна.

-Улстөрчдийн амлалтаас болж төсвийн алдагдал хэрээс хэтэрсэн. Төсөв тэлэх бодлого явуулах тусам Монголбанкнаас мөнгөний бодлогоо хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна гэсэн шүүмжлэл дагуулдаг?

-Одоо явуулж байгаа макро эдийн засгийн бодлогыг харахаар халамжийн чиглэлээр зарцуулж буй зардал ихтэй төсөв хэрэгжээд үүнийх нь сөрөг үр нөлөөг саармагжуулах чиглэлээр мөнгөний бодлого боловсруулж байна. Нэг үгээр хэлбэл, төсвийн тэлэх, мөнгөний хумих бодлого явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон байгаа юм. Энэ хослол нь эдийн засагт төдийлөн үр ашигтай биш. Харин ч эсрэгээрээ. Эдийн засгийн дунд, урт хугацааны өсөлтийг бий болгоход хортой бодлого юм. Тэгэхээр төсвийн бодлогыг зөв боловсруулах нь чухал асуудал. Тэр ч утгаар  бид  ирэх жилийн мөн­гөний бодлогын үндсэн чиглэлд макро зохистой цогц бодлогын арга хэмжээ авна гэж тусгасан. Үүн дотор төсвийн зөв, зохистой, эрүүл бодлого боловсруулах ёстой гэсэн санааг ч оруулсан байгаа. Төсвийг тэлж болно. Гэхдээ богино хугацааны, хэрэглээг дэмжсэн халамжийн зардал өндөртэй биш урт хугацааны, ажлын байр, тогтвортой орлого бий болгох, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулах төсөв батлах юм бол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зай бий болно. Ингэсэн цагт л эдийн засаг зөв голдирлоороо хөгжих боломж бүрдэж, хүмүүсийн амьжиргаа ч сайжрах юм.

-Мөнгөний хумих бодлого явуулснаар эдийн засагт гарах сөрөг үр дагаварыг хялбархнаар тайлбарлаж өгөөч?

-Хамгийн энгийнээр тайл­барлахад одоо тарааж байгаа 21 мянган төгрөгийг хүмүүс тэр дор нь хэрэглээндээ зарцуулаад дуусгаж байгаа шүү дээ. Хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхээр эрэлт өснө. Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээгүй байхад эрэлт өсөхөөр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ  ч өснө. Ингээд үнэ өсөхөөр 21 мянган төгрөгийн бодит худалдан авалт хийх чадвар нь буурчихаж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр та 21 мянган төгрөгөөр арван ширхэг бүтээгдэхүүн худалдаж авч байсан бол төсвийн тэлэх бодлогоос үүдэн явуулж буй мөнгөний хумих бодлогын нөлөөгөөр жилийн дараа 21 мянган төгрөгөөрөө таван ширхэг бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг.

-“Монголбанк бодлогын хүүг нэмэхээр арил­жааны бан­куу­даас гарч буй зээлийн хэм­жээг хязгаарлаж, дотоодын  үйлд­вэрлэгчдийн үйл ажиллагаанд га­цаа үүсгэж байна” гэсэн шүүмжлэл байнга дагуулдаг?

-Бодлогын хүүг нэмэх гол шалтгаан нь эдийн засгийн халалтаас сэргийлэх. Эдийн засаг халж байгаагаас болж нийлүүлэлтээс давсан илүүдэл эрэлт үүсч инфляци бий болж байгаа учир илүүдэл эрэлтийг бууруулах зорилгоор бодлогын хүүг өсгөдөг. Ингэснээр арилжааны банкуудын хоорондоо хийдэг арилжаануудын  хүүнд өөрчлөлт орж, хадгаламжийн хүү өсдөг. Хадгаламжийн хүү өсөхөөр мэдээж зээлийн хүү өснө. Ингэснээр зээл авах байдал багасдаг. Үүнээс болж эдийн засгийн үйл явц богино хугацаанд буурах хандлага ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь дунд, урт хугацаанд бүр ч их уналтанд орж болох байсан эрсдлийг зогсоож байгаа үйлдэл юм. Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний хумих бодлого бизнесийнхний богино хугацааны ашиг сонирхолтой зөрчилддөг нь үнэн. Гэхдээ улс орны дунд, урт хугацааны нийтлэг эрх ашиг гэж байдаг учир энэ эрх ашгийг л Монголбанк хамгаалдаг юм. Түүнээс биш хэсэг бүлэг хүний ашиг сонирхлыг дагаж бодлого явуулахгүй нь мэдээж шүү дээ. Тийм учир шүүмжлэлд өртөх нь бий.

-Үүнтэй холбоотойгоор “Монгол­банкийг хараат бус болгох ёстой, ёсгүй” гэсэн зөрчилдөөнүүд үүсдэг. Энэ бүхний цаана олон ашиг сонирхол байдаг гэлцэх юм билээ?

-УИХ-аас нь мөнгөний болон төсвийн бодлогыг баталдаг ганцхан улс бол Монгол байх. УИХ-аас мөнгөний бодлогыг батлахдаа инфляцийг нам түвшинд барих үүрэг өгсөн атлаа халамжийн зарлагад суурилсан том зардалтай төсөв баталчихдаг. Ийнхүү зөрчилтэй бодлого баталж байгаа тохиолдолд эдийн засаг хөгжихгүй. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын жишээнээс харахад парламент нь мөнгөний бодлогыг хэзээ ч баталдаггүй. Харин төсвийн бодлогыг батлахдаа оруулж ирсэн төсөл дээр нь зардлыг нэмж баталдаг жишээ манай улсаас өөр оронд байдаггүй байх. Тэгээд л мөнгөний бодлого нь үр дүнгээ өгөхгүй, эдийн засаг нь хөгжихгүй байна гэдэг үүднээс л Монголбанк ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. 

-Хөгжлийн банк гаднаас зээл авч хөрөнгийн эх үүсвэрээ босгож байгаад  Монголбанкны зүгээс шүүмж­­лэлтэй хандаж байсан. Та бүх­ний үзэж байгаагаар хөрөнгийн эх үүс­вэрээ хэрхэн олох байсан гэж?

-Нэг үеэ бодвол манайд дотоодын нөөц бололцоо бий болсон. Банкууд мөнгөтэй болж, нөөц ихтэй боллоо. Тиймээс бид дотоодын нөөц, бололцоогоо ашиглах хэрэгтэй. Гаднаас мөнгө орж ирэх нь сайн гэдэг ч мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сөрөг үр дагаврыг дагуулдаг. Энэ нь нөгөө л илүүдэл эрэлтийг бий болгож, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө гэсэн үг. Банкууд зээл олгох нөөцтэй байсаар байтал гадаадаас их хэмжээний мөнгө орж ирснээр банкны нөөцийг улам нэмэгдүүлэх юм. Банкууд тэр мөнгийг зүгээр хадгалж, хүү төлөхийн оронд болсон, болоогүй зээл олгож ашиг олохыг бодож, нөгөө л чанаргүй зээл зэрэг эрсдлийг бий болгох нөхцөл бүрдэх юм.  Үүнээс гадна  валютын нэрлэсэн ханш ч чангарна.

-Банкууд илүүдэл нөөц ихтэй байгаа гэлээ. Ойролцоогоор хэдэн төгрөгийн нөөц бий гэсэн тооцоо гарсан бэ?

-Дор хаяж нэг их наяд төгрөгийн илүүдэл нөөц бий.

-Тэгэхээр энэ их илүүдэл мөнгөнөөс болж эдийн засагт хүчтэй мэдрэгдэх сөрөг үр дагаврууд юу байна вэ?

-Эдийн засаг халах шинж тэмдэг хэдийнэ ажиглагдаж эхэлсэн байна. Мөнгөний нийлүүлэлт 67 хувь, зээл олголт 57 хувь өссөн. Зээлийнх нь бүтцээс  харахад иргэдийн хэрэглээний зээл ихэнх хувийг нь эзэлж байгаа юм. Үүнээс болоод инфляци өсч байгаа нь эдийн засаг халж байгааг харуулна. Мөн жил ирэх үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байна. Актив хөрөнгийн үнэ энэ маягаар өсч байгаа нь эдийн засагт хөөс үүсэхийн нэг дохио.

-Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд “Зээлийн хүүг бууруулах боломж бий” гэдгийг холбогдох байгууллагууд нь мэдээлж, зээлийн хүүг бууруулах орчныг бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ирэх жилээс эхлэн инфляцийн түвшнийг нэг оронтой тоонд хүргэж бууруулах үүргийг Засгийн газраас өгч байсан. Энэ үнэхээр биелэх боломжтой асуудал уу?

-Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Монголбанкны удирдлагууд хамтарсан тушаал гаргаж Зээлийн хүүг бууруулах зах зээлийн тааламжтай орчныг бүрдүүлэх тухай хөтөлбөр баталсан юм. Энэхүү хөтөлбөрийг Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар оруулж, хэлэлцээд дэмжсэн. Зээлийн хүүг бууруулах тааламжтай орчинг бий болгох боломж бий. Ингэхийн тулд дээрх байгууллагууд хамтарч ажиллана. Харин Монголбанкны зүгээс инфляцийг бууруулж нам, тогтвортой түвшинд барих зорилтоо хэрэгжүүлж чадвал хадгаламжийн хүү буурна. Үүнийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэх юм. Манай улсын санхүүгийн зах зээлийн онцлог нь банк ноёрхсон систем юм. Тэгэхээр банкны салбарыг тогтвортой, эрүүл байлгаж чадвал зээлийн хүү буурна. Нөгөө талаас Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлууд чухал юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж