
Дэлхийн зөн, Архидалт мансуурлын эсрэг ассиоциаци хамтран өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох судалгааг 7000 гаруй хүүхдүүдийн дунд явуулсан байна. Энэ судалгаагаар өсвөр үеийнхний 70 гаруй хувь нь архийг хэрэглэж үзсэн гэсэн бол 8 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн болох нь судалгаагаар батлагджээ. Энэ нь хүүхэд багачуудын дунд архины хор хөнөөлийн талаарх мэдлэг бага, хор хөнөөлийг нь таниулах хичээл сургалт байхгүйн дээр эцэг эхчүүд болоод эргэн тойрноосоо буруу үлгэр дуурайл авч, архины талаар буруу ойлголттой болж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ архи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс ангижруулах үүднээс Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага, эцэг эхчүүд, төр засаг, хүүхдийн төлөө байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэх, тэдний төлөө хамтран ажиллах шаардлагатай гэдгийг энэ удаагийн сургалтаар чухалчилсан юм. Цөөхөн хүн амтай Монгол улсад архины үйлдвэр дэндүү олон, үүнээс гадна архины сурталчилгаа их, түүний эсрэг авч байгаа торгуулын арга хэмжээ хэт бага байгаа зэрэг доголдолыг шийдэж, архины асуудлыг төр засгийн хэмжээнд ч эргэж харах хэрэгтэй байгааг энэ үеэр хөндлөө.