Б.Хурцын асуудлыг хурцатгасаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Б.Хурцын асуудлыг хурцатгасаар байх уу?

ХБНГУ-ын
канцлер Ангела Меркель ирэх сард Монголд айлчилна. Монгол Улсын Засгийн
газрын тэргүүний урилгаар хийж буй уг айлчлалыг угтан манайхны дотор
бас нэгэн хүлээлт үүсээд байна. Энэ нь өнгөрөгч наймдугаар сард
Лондонгийн шүүхээр орж, ХБНГУ-д шилжүүлэгдэхээр болсон Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлийн /ҮАБЗ/-ийн Ажлын албаны дарга Б.Хурцын тухай юм.
Түүнийг Монголын талд шилжүүлэн авах асуудлаар байгуулсан ажлын
хэсгийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгдсэн ч
Б.Хурц өөрөө “давж заалдахгүй” гэсэн тул Английн тал шүүхийн шийдвэрийг
хэрэгжүүлж, түүнийг ХБНГУ-д шилжүүлэн өгсөн билээ. Яг хэдний өдөр
шилжүүлсэн талаар нарийн мэдээллийг албаны эх сурвалжууд өгөөгүй ч
Б.Хурцыг Германы талд шилжүүлсэн нь тодорхой болоод байгаа. Мөн түүний
гэр бүлийнхэн эхнэр, хүүхэд нь хэдийнэ Монголд ирээд байгаа гэсэн.
Тиймээс Ангела Меркелийн Монголд хийх айлчлалын үеэр Б.Хурцын асуудлыг
зайлшгүй сөхөх ёстой гэсэн байр суурь, энэ айлчлалаас түүнтэй холбоотой
асуудлаар ямар нэгэн эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт монголчуудын дунд
бий болоод байгаа хэрэг. Мэдээж уг асуудлыг шийдэх гарцыг дан ганц
Германы талд найдаж үлдээх аргагүй. Харин ч Монголын төр засгийн зүгээс
илүү их идэвхи чармайлт гаргах хэрэгтэй болно.

Асуудал хаанаас эхэлсэн бэ?

ҮАБЗ-ийн
Ажлын албаны дарга Б.Хурц өнгөрөгч оны есдүгээр сард Их Британийн
Үндэсний аюулгүй байдлын хорооны урилгаар албан айлчлал хийх гэж очоод
Лондоны Хитроу нисэх буудлаас баривчлагдсанаас хойш өнгөрсөн жил шахмын
хугацаанд хоёр талд ялгаатай мэдээллүүд цацагдсаар байсан билээ. Эхнийх
нь мэдээж, олон улсын гэрээ хэлэлцээр зөрчиж, гадаад улс орны нутаг
дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр баривчлах үйл ажиллагаа явуулж, хүн хулгайлсан
“онц ноцтой” гэмт хэрэгтнийг Английн тал баривчлан авсан тухай
мэдээлэл. Хоёр дахь нь бидний мэдэж байгаачлан албан үүргээ гүйцэтгэж
явсан Монголын төрийн өндөр албан тушаалтныг хууран мэхлэх замаар
Лондонд аваачиж баривчлан дипломат ёсыг зөрчсөн тухай асуудал.

Мэдээж
аль аль нь үнэний хувьтай бөгөөд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
үндэслэлүүдийг гарган тавьж, шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн ч шүүхийн
шийдвэр Английн талд гарсан билээ. Нэг үгээр хэлбэл, 2003 онд тухайн
үеийн эрх баригчид, Засгийн газрын даалгавраар гүйцэтгэх ажиллагааг
зохион байгуулсан Б.Хурцыг буруутгах эрх Монголын төрд байхгүй болж
байгаа юм. Төрийн нэрийн өмнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу уг
ажиллагааг зохион байгуулсан гэдэг утгаараа. Мөн өөрийнх нь нутаг
дэвсгэр дээгүүр хүн хулгайлан авч одсон ноцтой гэмт хэргийнх нь төлөө
түүнийг буруутгаж буй Европын улсуудыг ч буруутгах үндэслэл бага болж
байгаа юм.

Д.Энхбатыг нойрсуулах тариа хэрэглэн хулгайлж
авчирсан тухай мэдээллийг түүний өмгөөлөгч Д.Санжаасүрэн дэлгэсний дараа
тухайн Франц, Белги, Германы тал эсэргүүцлийн нот бичиг илгээж,
“Монголын тал бусад орны хуулийг үл хүндэтгэсэн бусармаг үйл
ажиллагааныхаа төлөө уучлал гуйхгүй бол өөрийн оронд суугаа Монголын
Элчин сайд нарыг 48 цагийн дотор хөөн гаргах”-аа мэдэгдсэн байдаг. Тэр
үед ХБНГУ-д суух бүрэн эрхт Элчин сайдын үүргийг одоо УИХ-д сууж байгаа
ноён Д.Тэрбишдагва, Франц улсад суух бүрэн эрхт Элчин сайдын үүргийг
тухайн үеийн Ерөнхий сайдын дотнын найз н.Батбуян, Бельги улсад суух
бүрэн эрхт Элчин сайдаар н.Онон гэх хүмүүс ажиллаж байж,

Мөн л
тухайн үед Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Л.Эрдэнэчулуун уг нот
бичгийг Ерөнхий сайд Н.Энхбаярт аваачиж өгсөн боловч Засгийн газрын
тэргүүн нот бичигт дурдсан шаардлагыг биелүүлэхийн оронд гүйцэтгэх
ажиллагаанд оролцсон тагнуулчдаа илчилснээр Элчин сайд нар суудалдаа
үлдсэн билээ. Ингээд Б.Хурц нарын дөрвөн хүнийг Европын холбоо “персона
нон грата” буюу “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж, Европын холбооны аль
нэг улсын хилээр орж ирсэн тохиолдолд даруй баривчлан саатуулах үүрэг
хүлээсэн билээ.

Харьцуулахад, өнгөрсөн жил Б.Хурцыг Английн талд
урьж аваачаад тусгай албаддаа барьж өгсөн Элчин сайд Диксоныг Их
Британийн Засгийн газар үүний улмаас Монголд үүссэн эсэргүүцэл,
шүүмжлэлээс болж эргүүлэн татахад хүрсэн. Энэ нь Европын холбооны улсууд
болоод ардчилсан Монгол Улсын хооронд хүний эрхийг хангах, үнэлж цэгнэх
тал дээр хэр их ялгаатай байдгийн энгийн л нэг жишээ. Гэхдээ ноён
Диксон “Монголын төрийн өндөр албан тушаалтныг хууран мэхлэх замаар
өөрийн улсад аваачсан” гэж бидний хувьд буруутгагдаж байгаа ч Европын
холбооны гишүүн орнуудын хувьд хүний эрхийг хамгаалах тал дээр өөрийн
хүлээсэн үүргээ биелүүлсэн гэсэн үг.

Үр дүн чухал уу?

Б.Хурцын
хувьд ч гэсэн тухайн үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж цэгнэвэл асуудлыг
эрүүлээр харах боломж бий гэж бодож байна. Мэдээж дэлхий дахинаа
өөрийгөө “ардчилсан улс” хэмээн зарласан, хүний эрхийг хангах тал дээр
олон улсын бүх гэрээ конвенцид нэгдсэн гэдэг утгаараа Монголын төрийн
байгууллагын зүгээс тухайн үед зохион байгуулж, гадаад орны нутаг
дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа явуулсан буюу “хүн
хулгайлсан” хэргийг зөвтгөх шалтгаан байхгүй. Гэвч одоогийн нөхцөлд
тухайн цаг үеийн нөхцөл байдлыг эргэн харж, энэ хэргийн улс төрийн учир
шалтгааныг бодитоор үнэлэх шаардлага гарч байна.

Үүний тулд энэ
хэрэг гарсан цаг үеийг аваад үзье л дээ. Монгол Улс 1990 онд ардчилал,
зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй шилжсэн гэх авч өнгөрсөн хугацаанд
Ардчилсан хүчин төр барьж байсан үе нь тун бага юм. Засгийн эрхийг
ардчилсан сонгуулиар шилжүүлж байсан хэдий ч хуучин коммунист нам төрийн
эрхийг барьсан хэвээрээ, 1996-2000 онд анх удаа төр барьсан Ардчилсан
хүчин 2000 оны сонгуулиар үнэмлэхүй ялагдал хүлээж, парламентад ганцхан
суудалтай үлдсэн билээ. Энэ үед Монгол Улсад цөөнхийн дарангуйлал гээч
зүйл эргэж тогтсон бөгөөд тухайн үед эрх барьж байсан МАХН-ын
удирдлагууд, ялангуяа намын даргад нөлөөтэй хэсэг, түүний тойрон
хүрээлэгчид л дэг журмыг тогтоож байв.

Арай гэж төлөвшиж ядаж,
угаасаа худалдан авагч нь тоотой жижиг зах зээл дээр оршин тогтоход
бэрхшээлтэй байсан чөлөөт хэвлэлүүдийг эрх баригчид худалдаж аваад амыг
нь үдчихсэн, парламентад ганцхан суудалтай сөрөг хүчин нь шийдвэр гаргах
процесст огтоос оролцоогүй, бүх эрх мэдэл нэг намд төвлөрчихөөд
хөшигний ард асуудлаа шийддэг байсан үе. Ялангуяа 2004 оны сонгууль
ойртож, эрх баригч хуучин коммунист намын нэр хүнд унан бодлогыг хувьд
чамлагдаж эхэлсэн тэр үед энгийн ард иргэдийн зүгээс илт дэмжлэг хүлээх
болсон сөрөг хүчнээ дарж авах ганц арга нь С.Зориг агсны хэргийг ямар ч
үнээр илрүүлэх, ядахдаа илрүүлэх гэж чармайж байгаа мэтээр харагдуулах
явдал байлаа. Энэ хэргээр далимдуулан улс төрд орж ирсэн ЦЕГ-ын дарга
болон тухайн үеийн Хууль зүйн сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүнүүдээс
ард түмэн зүй ёсны хариултыг нэхэж байсан юм.

Ийм л үед тухайн
үеийн Ерөнхий сайд тагнуулынханд үүрэг өгч, Франц улсад орогнол хайж
очоод байсан Д.Энхбатыг уг хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцож
баривчлуулсан билээ. Маш нууц байдлаар зохион байгуулсан тэр ажиллагааны
тухай тухайн үеийн Ерөнхийлөгч ч хүртэл мэдээгүй гэдгээ хожим өөрийн
амаар хэлсэн байдаг.

Тэгэхээр энэ хэргийн буруутан хэн бэ
гэдгийг одоо цаг дээрээс хайх, хариуцлагыг хэн нэгэнд тохох гэж цаг
алдахаас /өнгөрсөн нэг жилийн хугацааг бид ийм л шалтгаанаар үр ашиггүй
өнгөрөөсөн билээ/ илүүтэйгээр тухайн үед үүрэг гүйцэтгэж, гүйцэтгэх
ажиллагааг зохион байгуулсан төрийн тусгай албан хаагч, одоо бол албан
үүргээ гүйцэтгэж яваад баривчлагдсан Монголын төрийн өндөр албан
тушаалтан Б.Хурцыг ямар ч үнээр хамаагүй өөрийн талд шилжүүлэн авах нь
Монголын төрийн эрх мэдэлтнүүдийн хийх ёстой ажил болж байна. Тэгж байж
Монгол Улс тусгаар улс, өөрийн иргэн, ялангуяа тангараг өргөсөн тусгай
ажилтнуудаа олон улсын төвшинд хамгаалах чадвартай гэдгээ харуулах биз.
Үүний
тулд мэдээж Германы талтай яаралтай хэлцэл хийх, тухайн үед төрийн эрх
мэдлийг хэрэгжүүлж байсан хүмүүсийн өмнөөс уучлал гуйх, шаардлагатай бол
амлалт авах ч хэрэг гарч магадгүй. Өмнө нь Б.Хурцыг Лондонд анх
баривчлагдах үед Монголын Засгийн газар асуудалд илүү бодитой хандаж,
тухайн үеийн төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болжээ
гэдгийг хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлал гуйсан бол Б.Хурцыг Монголын
талд шилжүүлэн авах найдлага байсан ч байж мэднэ. Ямар ч байсан
асуудлыг хурцатгаснаар амжилт бидний талд ирэхгүй гэдгийг өнгөрсөн нэг
жил үргэлжилсэн шүүхийн процесс харуулсан. Тэгээд ч манай улс шиг
тагнуулчдаа өөрсдөө барьж өгөөд сууж байдаг улс орон дэлхийд өөр
байдаггүй л юм билээ. Саяхны жишээ хэлэхэд ОХУ-ын арван тагнуулч АНУ-д
илчлэгдсэний дараа оросууд тэднийг өөрсдийнх нь тагнуулчдаар солилцоо
хийж авсан билээ.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж