
Каир дахь Израилийн Элчин сайдын яамны өмнө бямба гаригийн шөнө хэдэн зуун хүн цугларсан байв. Наймдугаар сарын 18-д Эйлатийн дэргэд болсон аллагын дараа Израилийн нисэх хүчин террористуудыг мөрдөхдөө алдаа гарган Египетийн таван хилчинг хөнөөсөн нь уг жагсаалын шалтгаан болсон юм. Залуус эрх баригчдаас шинэчлэлээ үргэлжлүүлэх мөн Израильтай харилцаагаа өөрчлөхийг шаардаж байна. Эсэргүүцэл илэрхийлж байгаа хүмүүс Израилийн Элчин сайдын яамны байранд дайран орж түйвээсэн байна. Зарим мэдээгээр эсэргүүцлийн ажиллагаа явуулж байгаа хүмүүс яамны архивын байранд орон баримт бичигтэй хайрцгуудыг нээн архивыг бусниулсан байна.
Үүний өмнө тэд Элчин сайдын яамыг тойруулан босгосон бетонон ханыг эвдлэн Израилийн тугийг буулган шатаажээ. Тэд Израильтай дипломат харилцаагаа таслахыг эрх баригчдаасаа шаардаж байв. Жагсагчид цагдаагийн машин оролцсон хэд хэдэн машинуудыг шатаав. Жагсагчдыг хөөн тараахын тулд тэдний эсрэг цагдаа нар хуягт техник, нулимс асгаруулах хий хэрэглэжээ. Жагсаалын явцад мянгаад хүн хэлмэгдсэний нэг нь зүрхний өвчнөөр нас барсан байна. “Яг одоогийн байдлаар 988 хүн гэмтэж бэртэн хоёр хүн амиа алдаад байна” хэмээн Египетийн Эрүүлийг хамгаалах яам мэдээлжээ. Египетийн Дотоод хэргийн яам Израилийн Элчин сайдын яамны дэргэд болсон хэрэг явдлын улмаас онц байдал тогтоов.