
Урлагийн ертөнцөд хэзээд анхдагч, шинийг санаачлагч байж чаддаг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн шинэ уран бүтээл тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Тэрбээр Монголын хамгийн анхны богино хэмжээний мюзикл кино-клипийн ерөнхий продюссерээр ажиллаж, гол дүрд нь тогложээ. Түүний хувьд, асар өндөр өртгөөр бүтээсэн энэхүү дэлгэцийн бүтээлийнх нь нэр “Домгийн өглөө”. Дуучин бүсгүй маань нийт 200 гаруй хүний оролцоотой бүтээсэн богино хэмжээний мюзикл кино клипийнхээ зураг авалтыг хуучин Циркт, бас Өмнөговь аймаг дахь Хонгорын элснээ хийлгэсэн аж. Т.Ариунаагийн багт ажилласан уран бүтээлчдийн өгүүлснээр, “Домгийн өглөө” нэртэй мюзикл кино клипийг Монголын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн юм байна. Өдгөөгөөс олон зууны өмнө “Уулын өвгөн” хэмээн нэрлэгдсэн Персийн нэгэн хаан байжээ. Тэрбээр ордондоо тусгай цэргүүдийг бэлтгэж, улс орнууд руу довтолгон хаад, ноёдыг нь устгах даалгавар өгдөг байв. Тэрхүү цэргүүдийг нь “Асасинууд” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа гол дүрийг нь бүтээсэн “Домгийн өглөө” хэмээх мюзикл кино клипт “Уулын өвгөн”, бас эрэмгий зоригт монголчуудын талаар тун сонирхолтой түүхийг дүрсэлжээ. Монголын хамгийн анхны богино хэмжээний мюзикл кино клипийн нээлт энэ сарын 15-нд буюу ирэх пүрэв гарагт болно. Дашрамд сонирхуулахад, дуучин бүсгүй маань “Домгийн өглөө”-г оюуны өмчөөр баталгаажуулсан байна. Тиймээс энэхүү бүтээлийг ямар нэгэн хэлбэрээр ашиглах тохиолдолд Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагаас албан ёсоор зөвшөөрөл авах учиртай аж.
Б.ГАЛ