Хууль, эрхзүйн орчин тогтвортой байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

Хууль, эрхзүйн орчин тогтвортой байж чадах уу?

2011.09.09. Монголын хүүхдийн ордон. “Дисковер Монголия” чуулга уулзалт. Засгийн газрын цаг. Цагийн зүү 16.00-ыг зааж байна. Хөрөнгө оруулагчид бугуйн цагаа байсхийгээд л харах.  Хөтөлбөрт бичигдсэнээр бол 16.00-17.40 цагийн хооронд  Засгийн газрыг төлөөлсөн эрхмүүд хөрөнгө оруулагчдын хүлээ­сэн, хүссэн асуултад хариулт өгөх ёстой. 10 минут, 15 минут өнгөрч байж  Засгийн газрын төлөөлөгчид ирлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг цэргүүдтэйгээ, Байгаль орчин, аялал жуучлалын яамныхан, Улсын мэргэж­лийн хяналтын ерөнхий газрынхан. Танхим пиг дүүрэн. Халуу­хан асуултууд, тойруухан хариултууд. Засгийн газрын цаг элдэв илтгэл, энэ тэр тоон баримтгүйгээр шуудхан асуулт хариултдаа орсон нь Монголын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад асуух асуулт их, харин цаг дэндүү давчуухан байсан учраас тэр биз ээ.

“Дисковер Монголиа” олон ул­сын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын хамгийн халуухан хийгээд хариуцлагатай цаг бол Засгийн газрын цаг байдаг. Тийм ч учраас хөтөлбөрт бичигдсэн хугацаанаасаа бага зэрэгхэн оройтож эхэлсэн Засгийн газрын цаг нэлээд сунжирсан. Аргагүй ч биз. Сонирхсон, эргэлзсэн тээнэгэлзсэн элдэв асуултуудаа хариулт авахын тулд хөрөнгө оруулагчид хүлээлгэн байж ирсэн эрхмүүдийг амыг амраахыг хүсээгүй байх.Асуултууд, хариулт, асуултууд. Ар араасаа цуврах асуултуудын ард нөгөө л урт нэртэй ужиг ихтэй хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-аас хориглосон лиценз олгох асуудал байлаа.

Монгол Улс шинээр хайгуулын болон ашиглалтын лиценз олгохоо болиод удаж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар УИХ-аас энэ оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон. Энэ шийдвэр Монголд хөрөнгө оруулагчдад нэлээд эргэлзээ төрүүлж буй нь тэдний асуултуудаас илт. “Танайх хэзээ хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох вэ”, “Хайгуулын тусгай зөв­шөө­рөл олгохыг хориглосон хуулийн хугацаа дуусгавар болсон цагт яах вэ”  гэх мэтчилэн асуултууд. Хариулт нь бид мэдэхгүй, УИХ шийд­нэ гэх тойруухан үгс. Ашигт малт­малын газрын дарга Д.Батхуяг ямар ч байсан ашигт малтмал ши­нээр эрж хайх хайгуулын лиценз олгохыг хориглосон УИХ-ын хууль он дуустал хүчинтэй гэдгийг хөрөнгө оруулагчдад тайлбарлаад хугацаа дууссаны дараа хэрхэхийг УИХ шийднэ гэсэн хариулт барив. Мэдээж, хууль батлагчдын өмнөөс газрын дарга дураараа “томорч” болохгүй тодорхой л доо. Засгийн газрын цагт хууль батлагчдаас нэг нь ч ирээгүй нь хөрөнгө оруулагчдад бага зэрэг гомдолтойхон санагдсан байх. Хөрөнгө оруулалтын элдэв асуудлыг УИХ, Засгийн газар шийдвэрлэдэг хэрнээ олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзал­тад хөлөө ч тавихыг хүссэнгүй дэг.

Д.Батхуяг дарга уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуульд тоомжиргүй хандсанаас бол хайгуулын лиценз олгохыг хуулиар хориглоход хүргэсэн гэдгийг хөрөнгө оруулагчдад сануул­сан.  Ашигт малтмалын хай­гуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хуулиар хориглосноос хойш хайгуулын лиценз 50 хувиар буурсан гэнэ. Монгол Улсын хувьд хайгуулын лиценз бvхий газрын хэмжээ нийт газар нутгийн 15.9 хувьтай тэнцэж байгаа аж. Нийтдээ 24.9 сая га талбайд хайгуул болоод олборлолт хийх 4054 лиценз байгаа гэнэ. Үүний 2879 нь хайгуулынх бөгөөд манай орны газар нутгийн 15.6 хувийг эзэлж байгаа бол олборлолтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 1176 байгаа аж.  Энэ нь нийт нутгийн 0.3 хувийг эзэлж байгаа юм байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг удаан хориглох нь Монгол Улсад ашиггүй хувилбар болно гэж анхааруулсан. Эрэл, хайгуул явагдаж байж орд газрууд шинээр илэрдэг, нөөцийн хэмжээ нэмэгддэг ёстой. Энэ талд олборлолтын үйл ажиллагаа өрнөж байхад нөгөө талд заавал хайгуулын ажил хийгдэж байх ёстойг Засгийн газрыг төлөөлөгчдөд сануулсан. Түүнчлэн Монгол Ул­сын Засгийн газар хайгуулын ажилд мөнгө зардаггүй нь нөөцөө то­г­тоох, газрын доорх баялгаа хэ­дий хэмжээтэй байгааг мэдэхэд хүнд­рэл­тэй гэх санал танхимаас гарч байсан.

Монгол Улс өнгөрсөн 2010 онд ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд ердөө хоёрхон тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь зөвхөн төрөөс зарцуулсан мөнгөний хэмжээ. Харин энэ онд Засгийн газар эрдэс баялгийн эрэл хайгуулд дөрвөн тэрбумыг зарцуулж байгаа аж. Хэдийгээр өн­гөр­сөн жилээс хоёр тэрбумаар өссөн ч энэ мөнгө ёстой л аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болдог юм байна. Харин хувийн хэвшлийнхэн Мон­­гол орны  ашигт малтмалын эрэл хайгуулд жилдээ 160 тэрбум төгрөг зар­цуул­даг гэсэн тоо баримт байна лээ.

Засгийн газрын цагаар хэлэлц­сэн дараагийн асуудал нь УИХ-аас баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газ­рын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиг­лахыг хориглох тухай хууль. Уг хууль батлагдаад даруй хоёр жилийн нүүрийг үзэж чадахгүй байгаа нь хэрэгжих боломжгүй хууль гэдгийн нотолгоо биш үү гэх асуулт танхимаас дэгдсэн. Хамаг хөрөнгөө уул уурхайн салбарт зарцуулсан тэдэнд Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтвортой биш байгаа нь айдас төрүүлэх шалтгаан болоод буй аж. Тиймээс энэ хуулийг УИХ эргэж нягтлах уу, энэ хэвээр нь үлдээх үү гэдгээс  Монголд хөрөнгө оруулах уу, болих уу гэдэг хамаарах бололтой. Урт нэртэй хуулийн дагуу эхний ээлжинд 256 алтны шороонд ордыг хаахаар болсон.  Харин уул уурхайнхан  урт нэртэй хууль хэрэгжиж эхлээгүй, мөн Монгол Улын Засгийн газар нөхөн олговроо эхлээд өгөөгүй /Хуулиар нөхөн олговрыг өгсний дараа ордыг хаах ёстой аж/ болохоор нь ажлаа эхлүүлсэн. Гэтэл Улсын мэргэжлийн хяналтын газар уулын ажлын төлөвлөгөө нь санаатай баталж өгөөгүй хэрнээ ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй гээд алтныхны ажлыг зогсоож байгаа тухай асуудлыг хөрөнгө оруулагчид хөндсөн юм. Байгаль орчин, аялал жуучлалын яамны төлөөлөгч, энэ хууль хэрэгжих ёстой гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Ашигт малтмалын газрын дарга “Сүүлийн жилүүдэд монголчууд уул уурхайн салбарт итгэл алдсан. Хэдийгээр улсын тэргүүлэх, хөгжилд хүргэх гарц уул уурхай гэдэг ч энэ салбарыг ихээр хөгжүүлбэл улс орон хэцүүдэх нь гэсэн ойлголт иргэдийн дунд газар авч байгааг сануулаад “Та нар ойлгох хэрэгтэй, хэн хэн нь эрсдэл хүлээхээс өөр аргагүй” гэсэн юм. Учир нь Монгол Улсын хууль тогтоомжийг хөрөнгө оруулагчид үл хайхарсан, үл тоосон хандлага гаргасан учраас эцэст нь ийм хууль батлахаас өөр аргагүй болсон гэж Засгийн газрын төлөөлөгчид хөрөнгө оруулагчдад тайлбарлана лээ.

“Дисковер Монголиа-2001” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын гол асуулт нь “Монгол Улсын хууль эрх зүйн орчин цаашид тогтвортой байж чадах уу” гэсэн эргэлзээ байв. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын гол айдас нь Монголын Засгийн газар, УИХ тоглоомын дүрмээ байнга өөрчилдөг явдал. Өглөө сэрэхэд өөр хууль баталчих вий гэхээс өнөөдрийн хөрөнгө оруулагчид айж байж. Харин бид “Та нар ойлгох хэрэгтэй” гэх үгээр тайшруулж чадах болов уу, тэднийг.

Ж.Нямсүрэн

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж