ШУА-ийг 14 тэрбумаар цалинжуулах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2011.09.12-нд нийтлэгдсэн

ШУА-ийг 14 тэрбумаар цалинжуулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Н.Ганбямбатай ярилцлаа

-Чуулганы завсарлагааны хуга­цаанд Инновацийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэ­дүүлсэн. Гэвч ихэнх хүмүүс яг ямар утгатай юун хуулийн төсөл боло­хыг сайн ойлгохгүй байгаа нь ажиг­лагдсан. Иймд энэ хуулийн төслийнхөө талаар эхлээд тайлбарлаж өгөх үү?

-Инновацийн хуулийг өргөн бариад удаагүй байна. Засгийн газрын хуралдаанаас зарчмын хувьд дэмжлэг авах шиг боллоо. Энэ хуулийн төслийг өргөн барих гол зорилго нь түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаас өөрөөр хөгжих боломжийг бүрдүүлэх гэсэнд байгаа юм. Нийт экспортын 96 орчим хувийг түүхийгээр гаргаж байгаа гэхээр манай эдийн засаг ямар байгаа нь ойлгомжтой. Голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын 80 хувь нь шороогоороо гарч байна. Саяхан АНУ-ын дэд ерөнхийлөгчийн айлчлалын дараа гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр “Жон Баден түүхий эдийн оронд зочиллоо” гэж мэдээлсэн байна лээ. Тэдний хэлж буйгаар монголчууд энгийн хэрэглээний зүйлээ хүртэл гаднаас авч, гадагш нь түүхий эдээ нийлүүлдэг, түүхий эдийн хавсарга орон юм гэнэ. Үнэхээр үүнийг нь үгүйсгээд ч байх зүйлгүй л дээ. Түүхий эдийг шүтсэн ийм эдийн засгийг өөрчлөн хөгжие гэвэл боловсруулах аж ахуйг хөгжүүлж, технологи, оюун ухаанд тулгуурласан бүтээгдэхүүн гаргаж байж л зорьсондоо хүрнэ. Мөн гадаадаас авч хэрэглэдэг зүйлээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол шүү дээ. Ингэхийн тулд инновацийн тогтолцоонд орж л ийм боломж бүрдэнэ.

-Инноваци гэдгийг тайлбар­ла­вал?

-Шинжлэх ухаан нь мөнгөөр мэдлэг бий болгодог бол, инноваци нь мэдлэгийг мөнгө болгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, шинэ санаа, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулан баялаг болгох бүхий л үйл явцыг инновацийн хүрээнд ойлгож болно. Уг нь ийм л тогтолцоог бий болгох гээд байгаа юм шүү дээ. Үүний тулд инновацийн эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Технологи гарч ирэхэд түүнийг санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтын сан, тийм бүтэц Монголд бий болгоно гэсэн үг. Энэ нь одоогийн банкны үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг тогтолцооноос өөр зүйл шүү дээ.

-Инновацийн хууль батлагдвал тусгай сан заавал байгуулагдана гэсэн үг үү?

-Инновацийн тогтолцоотой орнуу­дад Бейнчкапиталын сан гэж бий. Ер нь бараг Монголоос бусад хөгжиж буй орнуудад ийм сан бий. Энэ сан нь эрдэм мэдлэг, технологийг нь барьцаанд авч санхүүжилт хийдэг. Технологио бий болгоод “Start up” компани гэж гардаг. Үүнийг нь санхүүжүүлж хө­рөнгө оруулдаг сан, санхүүгийн кор­порациудын  бүтэц гадаад оронд бий. Инновацийн хууль батлагдвал энэ Бейнчкапиталын хуулийг гаргахаас өөр аргагүй.

-Энэ хуулийг батлах цаг болсон биш, бараг өнгөрчихсөн яваа юм биш үү?

-Өнгөрсөн жил л ийм бодлоготой боллоо. Үнэхээр Монгол Улс нь өргөн хэрэглээнийхээ барааны 80-аад хувийг гаднаас импортлодог улс шүү дээ. Хятадад мөнгөө төлж хэрэглээний зүйлийг авсаар өнөөдрийг хүрлээ. Гэтэл хүнсний бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг орон гэж өөр газар байхгүй.  Экспортод бүтээгдэхүүн болгож гаргах, импортыг дотоодод орлох бүтээгдэхүүн гаргавал Монголын орлого хэд дахин нэмэгдэнэ.

-Бейнчкапиталын санг бай­гуу­лахаар сангийн эх үүсвэр, зар­цуу­лалтын ямар зохицуулалт байх болж байна?

-Манайд өргөн баригдан орж ирдэг төсвийн талаар сайн мэдэх байх. Жил бүрийн төсөв нь өнөөх л түүхий эдэд тулгуурласан эдийн засгаа дэмжсэн байдлаар л боловсруулагдсан байдаг. Харин энэ төсөвт тодорхой хувиар бейнчкапиталын санд оруулах байдлаар тусгаж өгөх хэрэгтэй л дээ. Мөн энэ сангаа байгуулчихвал гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх боломж байгаа. Гадаадад байдаг монголчууд “Хэрвээ Бейнчкапиталын сангаа байгуулчихвал мөнгө босгоход нь тодорхой хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэж захидал ирүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулагчидтай энэ талаар ярихад “Танайд технологийг дэмжсэн хөрөнгө оруулалтын сан байдаг юм уу” гэж асуухад л хэлэх үггүй болдог. Сан байгуулахад хувийн хэвшлийнхэн ч хөрөнгө оруулалт хийж болно шүү дээ.

Наадмын өмнө бензиний нийлүүлэлт тасалдахад бид ямар хүнд байдалд орсныг санаж байгаа байх. Үнэнийг хэлэхэд бид ганц цоргоор л улсынхаа энэ хэрэгцээг хангах гэж оролддог. Тэд ч “Та нар Тавантолгойг яах гээд байна, Оюутолгой юу болсон бэ” гээд л нөгөө крантаа хааж, нээгээд байгаа. Үүнийг дотооддоо хийх гэтэл технологийг нь санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй байгаа юм.

-Шинжлэх ухааны академи гэж байгууллага бий. Энэ байгууллагаас олон шинэ санаачилга, ололт гаргасан гэх атлаа үйлдвэрлэлд нэвтэрч баялаг бий болгосон гэх зүйл бараг байдаггүй байх аа?

-Инновацийн тухай ярихад ийм асуулт үнэхээр тавих ёстой. Төсвийн задаргааг үзэхэд шинжлэх ухаан технологид гээд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны шинжлэх ухаан технологийн санд 14 тэрбум төгрөгийг нэг жилд зарцуулж ирсэн юм байна. Энэ хугацаанд нилээд л патент гарсан юм байна. Гэтэл үүнээс нь үйлдвэрлэлд нэвтэрсэн патент гэх зүйл алга. Ингээд “энэ их мөнгө яагаад элсэнд хийсэн ус шиг алга болчихдог юм” гэж бодмоор. Энэ нь Шинжлэх ухааны академийн хуучин бүтцээ хадгалж үлдэхийн тулд тэдгээр хүрээлэнгүүдээ санхүүжүүлдэг, цалинжуулдагтай нь холбоотой юм байна. Цалинжуулдаг гэдгийг онцлохын учир нь  ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх нэрээр өгч, сүүлд нь нэг тайлан бичсэн болж хаадаг ийм л нөхцөлтэй байна.

-Ямар байх ёстой талаар нь жишээ хэлбэл?

 -Улс төрийн томилгоо хийгддэг шинжлэх ухааны академи гэж байхгүй гээд бодсон ч  манай академийн бүтэц  нь буруу. Нийгэмлэгүүдээсээ бүрддэг тогтолцоо харагдахгүй л байгаа биз дээ. Хуучин тогтолцоог санхүүжүүлээд жил бүр 14 тэрбум төгрөгөө өгөх хэрэг үнэндээ байхгүй. Энэ хөрөнгийг ядаж ганц технологид зориулаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь илүү дээр.

Тухайлбал, АНУ-д химичдийн, математикчдын, физикчидийн нийгэмлэг гээд сайн дураараа байгуулагдсан салбар шинжлэх ухааны эрдэмтдийг холбосон зохион байгуулалтад орсон бүтэц нь Шинжлэх ухааны академи хэмээн ойлгогддог. Тэр байгууллага нь өртөг үнэтэй захиалгыг төр засгаас авч хэрэглээний болоод суурь судалгааг хийж байдаг.

-Хууль батлагдахад энэ мэт тогтолцооны зарим алдааг тэгвэл хэвээр үлдээж болохгүй байх. Хөрс нь бүрдээгүй бол хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэмэх зүйл болно?

-Инновацид харш тогтолцоо Монголд байсаар ирсэн. Бүгдийг улсын хувийн салбарын гэдгээр нь ялгаад хана хэрэм босгочихсон. Тухайлбал, МУИС, ШУТИС-ын доктор, профессорууд технологи гаргавал үйлдвэрлэлд нэвтрүүлж болохгүй байх хориглосон зохицуулалттай. Үүнийгээ бизнесийн үйл ажиллагаанд оролцож болохгүй гэх байдлаар тайлбарладаг гэнэ. Инновацийн хуулийг гаргахдаа энэ олон хашаа, хэрмийг авч хаях хэрэгтэй.

-Манай улсын давуу тал нь өөрийн алдаан дээр суралцах биш, бусдын алдаан дээр суралцах боломж. Инноваци бол Монголын хувьд шинэ ойлголт боловч дэлхийн хувьд шинэ зүйл биш. Энэ боломжийг бид ашиглаж чадах нь уу?

-Монголд саяхан Финляндын Ерөнхийлөгч ирээд явсан. Бид тэдэнтэй ганц л зүйлийг онцгойлон ярих ёстой байсан. Финлянд нь Зөвлөлт холбоот улсад мод, электрон барааны тоног төхөөрөмж хийх материал нийлүүлдэг орон байсан.  1990 онд ЗХУ нь задрангуут Финляндын эдийн засаг түүхий эдийг нь авах хэрэглэгчгүй болоод хүнд байдалд орчихсон. Үүний дараа нь парламентаас нь өндөр технологийг дэмжих төрийн бодлогыг гаргаад баталсан. Ингээд эрх зүй, бизнесийн орчин бүрдэнгүүт Лондонд 13 жил ажилласан финлянд эр нутагтаа эргэж ирээд “Нокиа” технологийг бий болгосон. Энэ нь эргээд Финляндыг брэнд болсон. Ийм амжилтад хүргэхэд нь TEKES гэдэг бейнчкапиталын сангийн хөрөнгө оруулалт их нөлөөлсөн. Ингээд бодохоор Финляндын ерөнхийлөгчтэй цаа буга үржүүлэх тухай ярьж байсны оронд ганцхан ТЕКЕS-ийн талаар ярихад л хангалттай байлаа. Та нар яаж ийм тогтолцоог бий болгосон гэдгийг нь асууж, ийм хөрөнгө оруулалтын сан байгуулахад туслаач гэхэд л Монголд ямар хэрэгтэй байсан гээч.

-Аливаа хуулийн төсөл нь улс төрийн дэмжлэг, тохиролцоогүйгээр батлагдахад бэрх шүү дээ. Энэ хуулийн төсөл дээр намуудын ашиг сонирхол гэх зүйл бий юу?

-Ашиг сонирхол гээд байх зүйл орох боломжгүй байх аа. Ядаж энэ чинь сонгуулийн хууль биш юм чинь улстөржүүлэх ямар ч шаардлага байхгүй. Манай улс уул уурхай, хөдөө аж ахуй гэх хоёрхон тулгууртай эмзэг эдийн засагтай байсаар байх уу гэдгээ л бодвол энэ хуулийн төсөл дэмжлэг хүлээнэ.

-Яг одоо бидийг ярилцаж байх энэ үед Монголыг брэнд болгох технологи аль хэдийнэ бэлэн болчихсон байгаа юм биш биз?

 -Уг нь технологи бол гарчихаад байгаа юм шүү. Монголын талаас дэмжлэг байхгүй байгаа хэдий ч эрдэмтэд өөрсдийнхөө боломжоор хийх зүйлээ хийсээр байгаа. Өнгөрөгч жилд ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд ирэхдээ сүүнээс, өндөгнөөс молекул гаргасан технологийнх нь лицензийг чинь авъя гээд Монголын эрдэмтэнд нь санал тавьсан гэж байна. Өндөр технологийг ОХУ-д экспортлож байна гэвэл гадныхан бараг л үнэмшихгүй байх.

-Өнгөрсөн жилийн төсөвт энэ салбарт зориулж хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Тодорхой үр дүн гарсан уу?

-Өнгөрөгч 2010 онд өндөр технологийг хөгжүүлэх талаар ажлын хэсэг байгуулагдаад энэ талаар хөтөлбөрийг батлуулсан. Манай ажлын хэсгийнхэн төсвийг батлахад нь “өндөр технологийг хөгжүүлэхэд нэг ч төгрөг тусгаагүй байна” гэж хөндлөнгийн санал гаргаж байж нэг тэрбум төгрөгийг тусгуулсан. Чамлахаар чанга атга гээд хөрөнгө оруулалтынхаа сангийн үндсийг тавихад үүнийгээ зориулъя гэсэн. Гэтэл энэ нэг тэрбум төгрөг батлагдсан хэрнээ сүүлд нь хэмнэгдсэн төсвийн хэсэгт ороод алга болсон. Бодвол Сангийн яам байр сууцаа засахдаа тэр нэг тэрбумыг будаг, хаалганы бариул болгоод дуусгасан байлгүй. 

-Инновацийн орчин бий болохтой холбоотойгоор дээд боловсролын тогтолцоо өөрчлөгдөх шаардлагатай юу?

-Манайд өнөөдөр боловсрол эзэмшүүлж байгааг нь байгалийн болоод нийгмийн ухааны гэдгээр нь ангилан үзвэл 80:20 харьцаатай байна. Нийт суралцаж буй оюутнуудын 80 хувь нь баялаг бүтээдэггүй нийгмийн ухааны мэргэжилтнүүд болох нь. Харин үлдсэн цөөн хувьд нь байгалийн ухааны гэгдэх баялаг бүтээгчид. Энэ харьцааг эсрэг харьцаатай болгож байж л хөгжлийн тухай ярих боломжтой. 54 жилийн дараа дэлхийн нефтийн нөөц дуусна. 120 жилийн дараа нүүрс дуусна. Харин бид ийм үеэс урьтаж шар буурцагнаас түлш гаргах гэж ажиллаж байна. Энэ бол өндөр технологийн жишээ.

Б.Мандах /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж