Ким Чен Ир залгамжлагчаа гаргахаар яарч байна уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир залгамжлагчаа гаргахаар яарч байна уу?

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир, хүү Ким Чен Уны хамт үндэсний баярт зориулсан цэргийн парадыг үзэхээр ирсэн гэнэ. Эцэг хүү Кимийн энэхүү ховор арга хэмжээ тус улсын өв залгамжилсан засгийн газрын ирээдүйн залгамжлагч хэн болохыг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна. БНАСАУ байгуулагдсаны 63 жилийн ойд зориулсан хүндэт цэргийн парадыг тус улсын төв телевизээр үзүүлсэн гэнэ. Коммунист намын цэргийн зөвлөлийн дэд дарга, дөнгөж 20 гаруйхан настай  генерал Ким Чен Ун өнгөрсөн аравдугаар сард эцгийнхээ хамт хүндэт цэргийн парад үзэж, алга ташихаар олны өмнө гарч ирсэн  юм. Түүнийг ийнхүү олны өмнө гарч ирэх болсон шалтгааныг Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирын эрүүл мэнд муу байгаагаас ирээдүйн залгамжлагчаа зарлан тунхаглахаар яарч байна гэж тайлбарлаж байгаа билээ. Өнгөрсөн баасан гаригт болсон үндэсний баярын өдөр Пхенянийн төв талбайд эцэг хүү Кимийн зураг болон цэцэг барьсан Умард Солонгосчууд удирдагчиддаа баяр хүргэж байжээ. Умард Солонгосын удирдагчид өөрсдийн сүр хүчийг гайхуулахаар сүрт парад зохион байгуулж байхад хөдөө тосгодод сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна гэж Өмнөд Солонгост суугаа сурвалжлагчид мэдээлсээр байгаа юм.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн шинжээчдийн тооцоолж буйгаар Умард Солонгост зургаан сая гаруй хүн өлсөж үхэхийн ирмэг дээр байгаа гэнэ. Харин Умард Солонгосын удирдагчид сүүлийн жилүүдэд үргэлжилсэн ган болон тус улсад тавьсан цөмийн хориг арга хэмжээг үүнд буруутгаж байгаа билээ.

Н.Энх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж