Ёс зүйн алдаа гаргасан Японы худалдааны сайд огцров

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Ёс зүйн алдаа гаргасан Японы худалдааны сайд огцров

Японы шинэ засгийн газрын худалдааны сайд газар хөдлөлт, цунамид өртсөн
Фукушима АЦС-ын бүсийг “Үхлийн хот” гэж хэлснийхээ төлөө албан
тушаалаасаа огцорсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж
байна.  Худалдааны сайд асан Ёшио Хачиро өнгөрсөн пүрэв гаригт гамшигт сүйдсэн АЦС-ад зочлох үеэр нэгэн сурвалжлагчийн хувцасанд гараараа шүргэхдээ “Би чамд цацраг идэвхит бодис халдаачихлаа” гэж хошигносон аж. Харин цагаа олоогүй хошигнол газар авсаар сөрөг хүчний намынханы чихэнд хүрснээр түүнийг огцрохыг шаардсан байна. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Ёшихико Нода ч мөн үүнийг таагүй хүлээн авсан гэнэ. Ёшио Хачиро өнгөрсөн пүрэв гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн үгэндээ “Харамсалтай хэдий ч энэ бүс дэх хот, суурин, тосгон үхлийн хот юм” гэжээ. Дээрх явдлын маргааш буюу өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Нода энэ сарын 2-нд тус албанд томилогдсон худалдааны сайдаа зохисгүй зүйл ярьсныхаа төлөө уучлал гуйхыг шаардаж, Хачиро ч ёсоор болгосон гэнэ. Сөрөг хүчний Либерал Ардчилсан намын дэд ерөнхийлөгч Тадамори Ошима “Түүний хэлсэн зохисгүй үг гамшигт өртсөн ард иргэдийн итгэл найдварыг мохоож буйгаас гадна сайдын албанд тохирохгүй хүн гэдгийг харууллаа” гэж мэдэгдсэн юм. Харин өчигдөр буюу бямба гаригт болсон хэвлэлийн хурал дээр Ёшио Хачиро зохисгүй зүйл ярьсныхаа төлөө ард иргэдээс хэд хэдэн удаа уучлал гуйж, албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдсэн байна. Тэрбээр нөхцөл байдалд хэтэрхий  бодитоор хандсанаас дээрх зүйлийг ярьсан гэж тайлбарласан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ёшихико Нодагийн байгуулсан шинэ засгийн газрын нэг сайд ёсзүйн алдаа гаргаж албан тушаалаасаа огцрох болсон нь шинэ засгийн газрын нэр хүндийг унагалаа гэж Японы хэвлэлүүд бичиж байгаа ажээ. Ёшихико Нода сүүлийн таван жилийн хугацаанд сонгогдож буй тус улсын зургаа дахь Ерөнхий сайд юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж