“МанЮ”-гийн ниргэлт үргэлжиллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

“МанЮ”-гийн ниргэлт үргэлжиллээ

Английн “Премьер лиг”-ийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд явагдаж байна. Өнгөрсөн тойрогт “Арселал”-ыг “Олд траффорд”-доо хүлээн авч, 8:2-ын харьцаатай “бут ниргэсэн” Манчестер Юнайтед, хөрш зэргэлдээ орших “Болтон”-ыг талбайд нь 5:0-ийн харьцаатай дахин буулган авлаа. Энэ тоглолтод Рүүни гурван гоолоор “хэтрик”, “Чичарито” Хавьер Эрнандес хоёр гоолоор “дубль” хийлээ. Ингэснээр Рүүни энэ улирлын дөрвөн тоглолтод хоёр удаа хеттрик хийсэн бахдам амжилт үзүүллээ. Шинэ улирлыг Данни Уэлбекд “дарагдаж” эхлүүлсэн Эрнандес тоглолтын тав дахь минутад Луис Нанигийн дамжуулалтаар, 58 дахь минутад Майкл Каррикийн дамжуулалтаар гоолдон Сир Алекс Фергусанд өөрийгөө дахин харуулж чадлаа. Харин энэ улирлыг сайн эхлүүлээд буй Манчестер хотын нөгөө нэг “Сити”-чүүд талбайдаа “Уиган” хүлээн авч, Серхио Агуэрогийн гурван гоолоор хожлоо. Ингэснээр “Атлетико Мадрид”-аас 38 сая фунтээр ирсэн Кун Агуэро “Премьер лиг”-т анхны “хэтрик”-ээ хийлээ. Мөн хүчирхэг “Ливерпүүл”-чүүд “Стоук Сити”-гийн “Британния” цэнгэлдэхэд зочлон, 0:1-ийн харьцаатай хожигдлоо. Хожлын гурван онооны үнэтэй гоолыг Жонаттан Уолтерс торгуулийн 11 метрийн цохилтоос авчирчээ. Харин “Улаан чөтгөрүүд”-д 8:2-ын харьцаатай хожигдсон хүнд тоглолтын дараа шинэ тоглогчдоор хүчээ сэлбэсэн “Арсенал” талбайдаа энэ жилээс “Премьер лиг”-т дэвшсэн “Свонси Сити”-г хүлээн авч, 1:0-ийн харьцаатай буулган авлаа. Харин шинэ дасгалжуулагчтай болсон “Челси”, “Сандерлэнд”-ийн талбайд зочлон, 2:1-ийн харьцаатай хожиход Жон Терригийн 18 дахь минутад, Даниель Старриж 51 дэх минутад гоолджээ. Харин талбайн эздээс Өмнөд Солонгосын легионер Дон Вон Жи нэр төрийг 90 дэх минутад авчирсан юм.  

Дөрөвдүгээр тойргийн тоглолт: 

Aрсенал 1 – 0 Свонси Сити
Эвертон 2 – 2 Aстон Вилла
Манчестер Сити 3 – 0 Уиган
Стоук Сити 1 – 0 Ливерпүүл
Сандерлэнд 1 – 2 Челси
Волвес 0 – 2 Тоттенхэм
Болтон 0 – 5 Манчестер Юнайтед

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж