Өнөөдөр есдүгээр сарын 11

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Өнөөдөр есдүгээр сарын 11

Өнөөдөр 9/11. Энэ өдөр дэлхийн түүхэнд хараар тэмдэглэгдсэн аймшигт өдөр. Өдгөөгөөс яг 10 жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр амиа золиослогч алан хядагчид Нью Йоркийн худалдааны ихэр цамхаг руу халдаж,  3,000 гаруй хүн амиа алдсан билээ.

Америкийн түүхийн хамгийн хар өдрийг хүмүүс эргэн санаж буй энэ үед алан хядагчид дахин аймшигтай халдлага үйлдэхээр төлөвлөсөн гэж заналхийлсэн юм. АНУ-ын муж болгонд болзошгүй халдлагаас сэргийлэхийн тулд цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарсан байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар Арлингтоны оршуулгын газар очиж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн байна. Есдүгээр сарын 11-ний өдрийг амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үндэсний залбирлын өдөр болгох шийдвэр гаргасан Барак Обама Нью Йорк, Вашингтон, Пенсилвани муж дахь халдлагад өртсөн газруудын дурсгалын цогцолборуудаар айлчилж байгаа ажээ. 

Террорист халдлагад өртсөн Нью Йоркийн худалдааны ихэр цамхгийн суурин дээр амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх усан сан бүхий цогцолбор, музейг өнөөдөр нээсэн байна. Худалдааны төв байсан хэсгийн сэргээн босгох ажил олон жил шаардсан юм. Сэргээн босголтын ажил удаашрахад 2008 оны санхүүгийн хямрал багагүй үүрэг гүйцэтгэсэн гэнэ. Худалдааны төвийн суурин дээр байгуулсан амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх цогцолбор бэлэн болж, Эрх чөлөөний цамхаг удахгүй сүндэрлэн босох ажээ. 9/11-ний аймшигт халдлагад амиа алдагсдын дурсгалд зориулсан уг цогцолборыг 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Барак Обама террорист халдлагад амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үеэр "Алан хядагчид биднийг айдас хүйдэст автуулах гэж оролдсон авч Америкчууд үүнтэй эвлэрэхгүй. Террористуудын эсрэг явуулж буй тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш мөн террорист халдлагад амиа алдагсдын дурсгалын цогцолборт ирж цэцэг өргөсөн юм. Нью Йорк хотын Гэгээн Патрикийн цогчин дуганд 9/11-нд  Худалдааны ихэр цамхгийн халдлагын үеэр амиа алдсан 343 гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэж, гэр бүлийнхэн болон найз нөхөд нь хүрэлцэн ирсэн ажээ.

Энэ үеэр Манхэттен дүүрэгт 5,000 гаруй хүн цугларч гар гараасаа барилцан арван жилийн өмнөх халдлагыг эргэн санасан байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж