Чөлөөтийнхөн дэлхийн аваргад мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.10-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн дэлхийн аваргад мордлоо

Туркийн Стамбул хотноо энэ сарын 12-18-нд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчид өнөөдөр хилийн дээс алхана. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор дэлхийн аваргад зодоглох бөхчүүдийн гол зорилго нь олимпийн эрх. FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны дүрмийн дагуу энэ удаагийн ДАШТ-д амжилттай барилдаж, жин тус бүрт медалийн төлөө барилдсан буюу эхний зургаан байрт шалгарсан бөхчүүдэд олимпийн эрх олгох юм. Тодруулбал, энэ удаагийн дэлхийн аваргаас эрэгтэйчүүдийн чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд тус бүр 42, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 24, нийт 108 бөхөд олимпийн эрх олгох юм.
Монголын баг тамирчдын тухайд эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно. Баг тамирчдаас гадна олимпийн зэрэглэлийн шүүгч А.Басхүү, Б.Төмөрбаатар нар дэлхийн аваргын шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.

ДАШТ-д зодоглох бөхчүүд:

Эрэгтэй:

55 кг: Гавьяат тамирчин Б.Наранбаатар (Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, “Универсиад”-ын аварга)
60 кг: ОУХМ Г.Мандахнаран (Азийн наадмын аварга)
66 кг: ОУХМ Б.Батзориг
74 кг: ОУХМ П.Өнөрбат
84 кг: ОУХМ П.Өсөхбаатар
96 кг: ОУХМ Н.Золбоо
120 кг: ОУХМ Ж.Чулуунбат

Эмэгтэй:

48 кг: Гавьяат тамирчин Ц.Энхжаргал (Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн хошой аварга)
51 кг: ОУХМ Д.Отгонцэцэг
55 кг: ОУХМ Б.Номин-Эрдэнэ
59 кг: Гавьяат тамирчин Д.Нармандах (Дэлхийн аваргын хүрэл медальт)
63 кг: ОУХМ О.Насанбурмаа (Дэлхийн хүрэл медальт)
67 кг: ОУХМ Б.Оюунсүрэн
72 кг: ОУХМ Г.Наранчимэг (Азийн наадмын аварга)

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу барилдаанууд энэ сарын 12-нд сонгомол бөхийн барилдаанаар эхэлнэ. Монголын баг тамирчдын тухайд 14-нөөс тэмцээн эхлэх юм. Энэ өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 51 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын тамирчдаас Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 48 кг-д, харин 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг нар баг тамирчдын салхийг хагалж, дэлхийн аваргын дэвжээнд зодоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж