Цагаатгах ажлын талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Цагаатгах ажлын талаар мэдээлэл хийлээ

Жил бүрийн есдүгээр сарын 10 ны өдрийг монголчууд “Хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрийн хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчим хэмээн үзэж байна. Тэдгээрээс 30 мянга орчмыг нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ.  1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсан бөгөөд цагаатгалын хуулийн дагуу 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байна. Мөн есдүгээр сарын 10 ны өдөр зөвхөн хэлмэгдэгсдийг хүндэтгээд өнгөрөх биш, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх, цагаатгах, нөхөн олговор олгох ажил жилийн турш үргэлжилж байдаг ажил болохыг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга онцоллоо.

Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үе буюу 1920-1960 оныг хамрах хэлмэгдүүлэлтэнд өртсөн хүмүүсийг цагаатгах ажлыг Засгийн газраас гурван үе шаттайгаар өнөөдрийг хүртэл зохион явуулж буй аж. Үүний зэрэгцээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс хэлмэгдэгсдийн талаарх нэхэмжлэл өргөдлийг хүлээн авсаар байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 31 -ний өдрөөр цагаатгах өргөдөл хүлээн авах ажил тасалбар болох юм байна. Иймээс өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд цагаатгалын комиссд өгөх хэрэгтэй болохыг мэдэгдлээ.

Нэг зүйлийг онцолход их хэлмэгдүүлэлтийн үед 600 гаруй хүн сураггүй алга болсон бөгөөд Тагнуулын ерөнхий газар ирэх 2012 онд нийт 249 хүний материалыг ОХУ-аас хүлээн авахаар болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж