Жүдочид маргааш “Дэлхийн цом”-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Жүдочид маргааш “Дэлхийн цом”-д зодоглоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн эхлэхэд нэг хоног үлдээд байна. Тэмцээнтэй холбоотой мэдээ, мэдээллийг сонирхуулъя.

“Дэлхийн цом”-оор залуучуудын дэлхийн аваргын “шалгалт” өгнө

 Манай улс гурав дахь жилдээ энэхүү тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа. Харин энэ удаагийн тэмцээнийн зохион байгуулалт, үр дүн маш чухал ач холбогдолтой тэмцээн болоод байна. Учир нь, энэхүү “Дэлхийн цом”-оор манай улс залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авахийн төлөө шалгалт давхар өгөх юм. Энэхүү эрх олгох эсэхийг шийдэх эрхэм болох Олон улсын жүдо бөхийн спорт хариуцсан захирал Владимир Барта маргааш манай улсад ирэх юм. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг залуучуудын дэлхийн аваргаас дараалан мөнгөн медаль хүртээд байгаа.     

Н.Түвшинбаяр тэмцээнийг өнжинө

Монгол
Улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа жүдо бөхийн “Дэлхийн
цом”-ын тэмцээн маргааш эхэлнэ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр манай улсад
өнгөрсөн жил зохиогдсон “Дэлхийн цом”-д өрсөлдөгч нараа дараалан цэвэр
ялж алтан медаль хүртэж байсан. Энэ жилийн хувьд тэрээр энэхүү
тэмцээнийг өнжихөөр болжээ. Түүнийг гэмтэл авсан учраас барилдахгүй
гэдэг яриа гадуур тархаад байгаа. Энэ талаар Монголын жүдо бөхийн
холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас тодруулахад “Олимпийн
аваргын хувьд гэмтэж бэртээгүй. Бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу
сэргэлтийн бэлтгэл хийх ёстой учраас энэ удаад өнжүүлэх шийдвэр
гаргасан. Олимпийн эрхийн оноогоо хадгалаад явж байгаа болохоор
урагшлах, хойшлох асуудал гарахгүй” гэсэн хариулт өглөө.

Түрүүлсэн тамирчинд 13 кг жинтэй цом олгоно

Эзэн Чингис хаанаараа овоглосон олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээний байр эзэлсэн жүдочдод олгох алт, мөнгө, хүрэл медалийг БНСУ-д хийлгэж бэлэн болгожээ. Тэмцээний эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн алтан медалийг Чингис хааны хөрөг бүхийн цом дагалддаг байгаа. Энэ жилийн хувьд түрүүлсэн тамирчинд олгох цом 13 кг жин татаж байгаа гэнэ.

Долоон орны тамирчид бэлтгэлдээ орлоо

Монголд анхлан хөл тавьсан Пуэрто-Рико, Лаосын баг дээр нэмэгдээд ОХУ, Герман, Австри, Чех, Энэтхэг улсын баг тамирчид ирээд байна. Долоон орны тамирчид Спортын төв ордны “Б” зааланд бэлтгэл хийж эхэлсэн. Гадны тамирчид бэлтгэл хийж байгаатай холбогдуулан цагдаагийн хамгаалалт гараад байна. Маргааш БНСУ, Словени, Казахстан, Украйн, БНХАУ зэрэг орны тамирчид манай улсад хөл тавих нь ээ.

Европын орнуудын нислэгийн тасалбарын үнэ нэмэгджээ

Дэлхийн аваргаас хоосон хоцорсон баг тамирчид “Дэлхийн цом”-д оролцох мэдүүлгээ өгөөд байсан. Урьдчилсан байдлаар 38 орны мэдүүлэг байсан бол есдүгээр сарын 5-ны өдөр албан ёсоор хаахад 24 орон болж тоо нь багассан байгаа. Европын орнуудын нислэгийн тасалбарын үнэ 2000 евро болтлоо нэмэгдсэнтэй холбоотой энэ тоо буурчээ. ОХУ, Бээжин гэсэн хоёрхон сувгаар манай улс руу хөл тавьдаг Европынхон энэ талаар тэмцээнийг зохион байгуулагчдад гомдол тавьсан сурагтай.

У.Бадам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж