4096 бөхийн 1000 гаруй нь оюутан, сурагчид байна

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

4096 бөхийн 1000 гаруй нь оюутан, сурагчид байна

Монголын үндэсний бөхийн холбооноос монгол бөхийг Гиннесийн номд мөнхрүүлэх ажлыг зохион байгуулж буй. 4096 бөх нэгэн зэрэг барилдах түүхэн барилдаан энэ сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлж, 25-ныг дуустал үргэлжилнэ. Бөхчүүдийн бүртгэл нийслэлд болон хөдөө, орон нутагт үргэлжилж байгаа ба өнөөдрийн байдлаар 60 гаруй хувьтай байна. Ер нь сүүлийн өдрүүдэд бүртгүүлэх бөхчүүдийн тоо эрс ихэссэн бөгөөд уржигдар гэхэд л 300 гаруй бөх бүртгүүлсэн гэнэ. Түүнчлэн 4096 бөх нэгэн зэрэг барилдуулахын тулд үндэсний бөх сонгон хичээллэдэг их, дууд сургуулийн оюутнууд, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 1000 гаруй залуу бөхийг хамруулахаар болжээ.

Гиннесийн номонд мөнхрөх 4096 бөхийн барилдааны нээлтийн ёслол энэ сарын 17-ны 14.00 цагаас Төв цэнгэлдэхэд болно. Барилдаан 12 даваатай ба нэгийн даваа гурван өдөр, хоёрын дараа хоёр өдөр үргэлжилнэ. Эхний хоёр даваа Төв цэнгэлдэхэд болж, гурвын даваанаас буюу 1024 бөхийн барилдаанаас эхлэн “Бөхийн өргөө”-нөө үргэлжлэх ажээ. Монгол “Бөхийн өргөө”-нд буюу заал танхимд ийм олон тооны бөх барилдаж байсан түүх үгүй. Тиймээс 4096 бөхийн барилдааны хүрээнд зааланд анх удаа 1024 бөх барилдах болж байгаа юм.

4096 бөх нэгэн зэрэг барилдах энэхүү түүхэн, онцгой барилдааны тасалбарыг мягмар гаригаас эхлэн “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаалж эхэлсэн. Үнийн тухайд нээлтийн өдрийн барилдаан суудлын шатлалаас хамааран төв индэрийнх 15 мянга, сүүдрэвчтэй хэсгийнх 12 мянга болон бусад суудал 10 мянган төгрөгийн үнэтэй. Харин “Бөхийн өргөө”-нд болох эхний өдрийн барилдаан буюу гурвын давааны тасалбар 6000 төгрөгийн үнэтэй бол сүүлийн хоёр өдрийн барилдааны үнэ хосоороо 15 мянган төгрөг ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж