Двайт Ховард “Бөхийн өргөө”-г доргиов

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Двайт Ховард “Бөхийн өргөө”-г доргиов


Өглөөгүүр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд асрамжийн төвийн хүүхэд багачуудтай хамт онгоцтой танилцах аялал хийж, өдөр нь “Монгол Масс Медиа” группийн “Media House”-т зочлон “Боловсрол суваг”, “Sport box”, “Ийгл” телевизэд сонирхолтой ярилцлага өгсөн Двайт Ховард үдээс хойш “Бөхийн өргөө”-нд очиж, Монголын сагсан бөмбөгчдийн Бүх оддын тоглолтын үзэж сонирхсон юм. Nissan Премьер лиг болоод Спрайт лигийн тоглогчид хоёр багт хуваагдан 12 минутаар хоёр үеийн турш өрсөлдсөн.


Тоглолтын хоёр үеийн дундуур Slam Dunk буюу самбарт довтлох үзүүлбэрийн тэмцээн болж, Спрайт лигийн тоглогч н.Нямдорж болон дээд лигийн Т.Санчир, Б.Мөнхболд нарын гурван тоглогч өрсөлдсөн юм. Эхний шатнаас Т.Санчир, Б.Мөнхболд нар шалгарч, шийдвэрлэх үед Б.Мөнхболд мотоцикль дээгүүр харайж самбарт довтолсноор Slam Dunk-ийн тэмцээний аварга болсон юм. Шүүх бүрэлдэхүүнд багтсан Двайт Ховард түүнд 10 оноо харамгүй өгсөн бөгөөд шагналын цомыг Ховард өөрөө ялагчид гардуулсан. Ер нь Slam Dunk-ийн тэмцээний өрсөлдөөн ширүүн байсан. Ховард ч үүнд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байлаа. Тоглолт өндөрлөхөд Г.Ихбаяр, Г.Одбаяр тэргүүтэй баг ялалт байгуулж, хожсон багийнхан NBA-ын супер одоос шагналаа гардан, хамтдаа зураг татуулсан.


Энэ үеэр Двайт Ховард үзэгчдийн хүсэлтээр хоёр удаа Slam Dunk хийж үзэгч, сагсан бөмбөг сонирхогчдын хүслийг биелүүлснээс гадна хөгжөөн дэмжигч охидтой хамт бүжиглэж “Бөхийн өргөө”-нд цугласан олныг хөгжөөгөөд авсан. Арга хэмжээг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо, Өскө нар хөтөлсөн нь угаас хөгжилтэй, дэггүй зантай Ховардын хүүхдийн гэмээр дүрсгүй байдлыг бүр ч илүү тодотгосон гэхэд болно.


Мөн энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, Slam Dunk-ийн тэмцээний дараа үг хэлсэн. Мөн тэрбээр Двайт Ховардын гарын үсэгтэй бөмбөгийг өөрөөс нь гардаж авсан юм. Ямартай ч энэ удаагийн арга хэмжээнээс Двайт Ховард маш өндөр сэтгэгдэлтэй гарсан бөгөөд “Бөхийн өргөө”-нөөс гараад зочид буудлыг зорьсон. Энэ үдэш түүнд зориулсан хувийн үдэшлэг болно.

С.Цэлмэг
Гэрэл зургийг Х.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж