Д.Ховард хүүхдүүдтэй хамт онгоцоор “аялав”

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Д.Ховард хүүхдүүдтэй хамт онгоцоор “аялав”

Спорт сонирхогч, тэр тусмаа сагсан бөмбөг, NBA-ын хорхойтнуудын сэтгэлийг туйлд нь хүртэл хөдөлгөж байгаа Двайт Ховардын Монгол дахь арга хэмжээ үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд очиж, “Eznis Airway” компаниас хүүхдүүдийн дунд тогтмол зохион байгуулдаг онгоцтой танилцах аялалд оролцсон. Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаагийн тэргүүлдэг “Болор төв-Халамжит гэр бүл” асрамжийн төвийн 10 гаруй хүүхэд, мөн “Wellbest” төвийн 30 гаруй, нийт 50 хүүхдийн хамт Двайт Ховард онгоцоор “аялсан”. Хүүхдүүд ч онгоцонд сууж үзсэндээ, тэр тусмаа дэлхийн хэмжээний алдартай тамирчинтай хамт “аялах” болсондоо дэндүү их баярлаж, хөөрсөн харагдсан.

Двайт Ховардын Монгол дахь аяллын ивээн тэтгэгч, зохион байгуулагчдын нэг “Eznis Airways” компани энэ удаад Avro RJ-87 загварын тийрэлтэт хөдөлгүүртэй, хөдөө орон нутагт нислэг үйлддэг онгоцтойгоо асрамжийн төвийн хүүхдүүдийг танилцуулсан. Аяллын үеэр Ховард хүүхдүүдтэй хамт онгоцонд үдийн зоог барьж, чөлөөт сэдвээр, бага насныхаа талаар багачуудтай яриа өрнүүлсэн. Тэрбээр бага байхдаа тийм ч алдартай бус жижигхэн сургуульд суралцдаг байснаас гадна хэдийгээр жижиг биетэй байсан ч NBA-ын тоглогч болох чин хүсэл мөрөөдөлтэй байсан тухайгаа хуучлав. Двайтын ойр дотнынхон, найз нөхөд нь түүний энэ мөрөөдлийг үгүйсгэдэг байсан ч уйгагүй хөдөлмөрлөж, мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй тэмцсээр бага насны чин хүслээ биелүүлж, өнөөгийн хэмжээнд хүрсэн тухайгаа ярьсан юм. Хүүхдүүд ч түүний яриаг амтархан сонсч сууна лээ.

Арга хэмжээний төгсгөлд хүүхдүүд Двайт Ховардын хамт “Супермэн”-ий бэлгэдэл болсон “S” үсэг бүхий асар том бялуу зүсч, амтархан идсэнээр хүүхэд, багачуудын Ховардтай хамт хийсэн онгоцны аялал өндөрлөсөн юм.

Гэрэл зургийг Х.Дөлгөөн

Ховард “Боловсрол суваг”-т ярилцлага өгснийг 
ЭНД дарж үзнэ үү.

Двайт Ховард iLoft-д саатсныг ЭНД дарж үзнэ үү.

Двайт Ховард “Be…” төвд зочилсныг ЭНД дарж үзнэ үү.

Двайт Ховардын нисэх буудлаас хийсэн зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж