Японы шинэ Ерөнхий сайд сүйдсэн АЦС-д очжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Японы шинэ Ерөнхий сайд сүйдсэн АЦС-д очжээ

Японы шинэ Ерөнхий сайд Ёшихико Нода зургаан сарын өмнө газар хөдлөлт, цунамийн гамшигт өртсөн Фукушима Даичи цөмийн станцад очжээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраа бүрдүүлсэн Ёшихико Нода цөмийн алдагдлыг зогсоохоор ажиллаж буй инженер ажилтнуудтай уулзсан байна. Ерөнхий сайд газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг богино хугацаанд гүйцэтгэхгэхээ амлаад, цөмийн аюулыг арилгахаар хичээж буй инженерүүдэд талархлаа илэрхийлжээ.  Газар хөдлөлтийн гамшгийн улмаас Фукушима Даичи цөмийн станцад гарсан дэлбэрэлтээс хойш инженерүүд болон ахмад ажилчид хөргүүрийг ажиллуулж, цөмийн алдагдлыг бууруулахыг хичээж байгаа билээ. Цөмийн станцын ажилтнууд сүйдсэн реакторуудыг усаар хөргөөж, дэлбэрэлт болохоос сэргийлж байгаа ажээ. Цөмийн станцын радиусаас дотогш 20 км-т оршин суугч 80,000 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм. Мэргэжилтнүүд цөмийн алдагдлын болзошгүй аюулаас сэрэмжилж тэдгээр оршин суугчдыг ойрын дөрвөн жилийн хугацаанд тус бүсэд нэвтрэхгүй байхыг анхааруулж байгаа юм байна.

Газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас 15,774 хүн амиа алдаж, 4,227 хүн сураггүй алга болсон бөгөөд 115,000 барилга байшин бүрэн сүйдсэн билээ. Өмнөх ерөнхий сайд Наото Кан газар хөдлөлтийн дараа шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй гэдэг шүүмжлэлд өртсөн нь албан тушаалаасаа огцроход хүргэсэн.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж