Биокомбинaт чиглэлийн замын асуудлаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Биокомбинaт чиглэлийн замын асуудлаар хуралдлаа

Нийслэлийнхэн Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн авто замуудын ашиглалтын асуудлаар өнөөдөр хуралдаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Нийслэлийн Авто замын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын холбогдох албад, тус дүүргийн 12, 13, 14-р хороодын иргэдийн хурлын дарга болон засаг дарга нар, хайрганы карьерын үйл ажиллагаа эрхэлж уг замаар хүнд даацын авто машинаар тээвэрлэлт хийдэг 20 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг энэ жил концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр тендер зарласан боловч зам барилгын компаниуд санал ирүүлээгүй байна. 1974 онд ашиглалтад орсон энэ замыг хамгийн сүүлд 2009 онд засварласан бөгөөд цемент бетон хучилт хийж шинэчлэх ажилд 30 орчим тэрбум төгрөг шаардагдах юм.

Карьераас хотын төв рүү хайрга, элс зөөдөг машинууд даац хэтрүүлдэгийн улмаас уг замд эвдрэл гарч, шороон замаар тээврийн хэрэгслүүд зорчдог болсноор дээрх хороодын 15 мянга гаруй иргэд аюулгүй, ая тухтай оршин суух нөхцөлгүй болоод байна. Иймээс карьерын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад долоо хоногийн хугацаанд 600 сая төгрөг төвлөрүүлж, уг замын 10 мянган шоо метр талбайд засвар хийх төсөв бүрдүүлэхийг үүрэг болголоо.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж