Д.Ховард телевизийн ярилцлага өглөө

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Д.Ховард телевизийн ярилцлага өглөө

Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын супер од тоглогч, тус лигийн улирлын шилдэг хамгаалагчийн шагналыг сүүлийн гурван жил дараалан хүртсэн, “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Двайт Ховард өчигдөр Монголд ирсэн билээ. Тэрбээр маргааш орой буцах бөгөөд гурван өдрийн турш Монголд байх хугацаандаа аль болох олон арга хэмжээнд оролцох шахуу хуваарьтай байгаа. Улмаар хөтөлбөрт багтсаны дагуу тэрбээр 14.00 цагийн орчимд “Монгол Масс Медиа” группын Media House-д зочилж, “Боловсрол суваг”, “Sport box”, “Eagle” телевизэд ярилцлага өгсөн юм.

Двайт Ховард “Sport box” спортын 24 цагийн сувгийн захирал Г.Идэр-Уугантай чөлөөт сэдвээр илэн далангүй ярилцсан. Дэндүү чөлөөтэй, хөгжилтэй, сахилгагүй гэмээр тэрбээр ярилцлагын үеэр камерын өмнө бүжиглээд амжсан. Монголд ирээд сэтгэл маш өндөр байгаагаа хэлснээр ярилцлагаа эхлүүлсэн Д.Ховард Монголын ард түмэн, хөгжөөн дэмжигчид, уур амьсгал үнэхээр гайхалтай гэдгийг дахин дахин хэлж байсан. Олон сонирхолтой сэдвээр, нэн ялангуяа “Ховард гэж чухам хэн бэ” гэх асуултад хариу өгөхүйц, хувь хүн талаас нь илүү тодотгохыг зорьсон ярилцлагын нэвтрүүлгийг “Боловсрол суваг”, “Sport box”, “Ийгл” телевизээр маргааш орой хүлээн авч үзэх боломжтой.

Двайт Ховард Media House-аас гараад “Бөхийн өргөө”-г зорьсон. Тэнд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглогчдын Бүх оддын тоглолт болох ба Ховард энэхүү арга хэмжээнд оролцох юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж