Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна

Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл Эрүүл Мэндийн Яамтай хамтран “Халдварт бус өвчин, осол гэмтлийн сэргийлэлт ба хяналт” сэдэвт Үндэсний анхдугаар чуулганы урьдал хурлыг өчигдөр ЭМЯ-ны сургалт мэдээллийн төвд зохион байгуулсан билээ. Харин чуулган өнөөдөр өглөө Төрийн ордны их танхимд эхэллээ. Хоёр хоног үргэлжлэх уг чуулганд эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, Мянганы сорилтын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болон 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн нийт 300 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүд, бусад салбарын төлөөлөгчид болон дотоод, гадаадын судлаачид оролцож байгаа юм. Чуулганаар халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах талаар дэлхийн нийтийн чиг хандлага, стратеги, бодлого, түүний хэрэгжилт, манай орны онцлог, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, халдварт бус өвчин, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, хянах, сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хийгдсэн судалгаа шинжилгээ, тэргүүн туршлагыг хэлэлцэх аж. Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн тэтгэлгийн хөтөлбөрийн гуравдугаар ээлжийн уралдааны сонгон шалгаруулалтаар эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудаас ирүүлсэн 50 гаруй төслийг хэрэгжүүлэхэд нийт 900.000 орчим ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.


А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж